Дуучин Д.Уламбаяртай шударга ёсны талаар ярилцлаа.
-Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв гэх энэ үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд хамгийн түрүүнд юуг санагдуулж байна вэ?
-Одоо л сонсож байна. Эв нэгдэлтэй, зөв зүйтэй байхыг сургасан сургааль үг гэж ойлголоо.
-Шударга байх гэдгийг та юу гэж ойлгодог вэ. Шударга ёсыг тодорхойлбол?
-Бусдыг өөрийн эрх ашигт нийцүүлэх гэснээс болж шударга бус явдал гардаг гэж боддог. Миний хувьд хэн нэгнийг нас, хүйсээр нь ялгалгүй, хүсэл мөрөөдлийг нь хүндэлж харилцахыг шударга байдал гэнэ.
Би тийм байдлыг тэвчиж чаддаггүй. Зүгээр л бусдад хүндэтгэлтэй хандахыг хүсдэг. Өөрөөсөө дүү эсвэл өөрөөсөө баян хүнтэй харилцахдаа хүмүүс өөр өөр араншин гаргаад байдаг. Хүнийг хүн гэдгээр нь бус ялгаварлаж харилцдаг хүмүүсээс л онцгүй зан авир магадгүй шударга бус байдал ажиглагддаг.
Хийх ёстойгоо ном журмынх нь дагуу хариуцлагатай хийж байгааг шударга байдал гэж хэлж болно шүү дээ. Хийх ёстой ажлаа хийгээд, сурах ёстой зүйлээ сураад, өөрөөр хэлбэл хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шударга ёс гэж хэлж болох юм.
-Та шударга хүн мөн үү?
-Би шударга байхыг маш их хичээдэг. Зурхай дээр миний орд, жилийг үргэлж шударга гэж тодорхойлсон байдаг. Нэг ёсондоо жил, ордны зурхай маань надад шударга байх ёстой шүү гэдгийг сануулдаг гэж хэлж болох юм.
Миний эргэн тойронд үлгэр дууриалал авах шударга, эерэг хүмүүс олон бий. Ер нь хуурамч, худалч хүмүүсээс аль болох хол байхыг хичээдэг.
Хүн өөрөө л шударга байх юм бол эргэн тойрон нь, амьдрал нь мөн л шударга байна. Тиймээс шударга ёс гэдэг их том ойлголт биш зөвхөн өөрөөс л эхлэх зүйл гэж бодож явдаг даа.