Н.Эрдэнэбаатар: Ковид-19 вирус “үс”-ээр дамждаг гэсэн таашаа мэдээлэл цахим орчинд цацагдсанаас болж ахуй үйлчилгээний салбар нээгдэхгүй удаа дараа хойшлогдсон

“Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ны тэргүүн, “Mini Barber Shop”-ийн үүсгэн байгуулагч Н.Эрдэнэбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

/Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Mini Barber Shop”-ийн захирал Н.Эрдэнэбаатартай онлайнаар холбогдож ярилцсан юм./

–Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намжилдоржийн Эрдэнэбаатар гэдэг. “Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ны тэргүүн, “Mongolian barbershop” клубийн админ, “Mini Barber Shop”-ийн захирлаар ажилладаг. Ахуй үйлчилгээний салбарт мэргэжлээрээ 19 жил ажиллаж, хөдөлмөрлөж байна.

-Анх “Mini Barber Shop” –ийг үүсгэн байгуулах санаа хэрхэн төрсөн вэ?

-Хос үсчин мэргэжлээр 2001 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Тухайн жилдээ “Миний үсчин”нэртэйгээр үйл ажиллагаа нээсэн. Харин 2014 онд “Mini Barber Shop”болгон өөрчилж дан эрэгтэй үс засаж эхэлсэн юм. Анх “Миний үсчин” нэрийг үйлчлүүлэгч хэлэхэд “үсчин нь сэтгэлд ойрхон” сонсогдох байдлаар сонгож энэ нэрийг өгсөн байгаа.

-Үсчин, барбер хоёр юугаараа ялгаатай вэ?

-Манай улсад үсчин гэх нэршил түгээмэл байдаг л даа. Үсчин хүн эрэгтэй, эмэгтэй хүйс хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Яаралтай үсээ гоёх, угаах гэх мэт энгийн зүйлүүдийг үсчинд хийлгэж болно. Салон гэдэг нь 1996 оноос Монголд нэвтэрсэн бөгөөд ерөнхийдөө үйлчилгээ сайтай, ганцхан үс гэхгүйгээр гоо сайхан, маникюр, педикюр гээд бүх зүйлийг цогц байлгаснаар салон болдог. Харин барбершопын хувьд дан эрэгтэй гоо сайхан, эрэгтэй үс,cахал, хөмсөг засалт гэж шууд ойлгож болно.

-“Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ноос энэ сарын 11-ний өдөр Улсын онцгой комисст хэвийн үйл ажиллагаагаар хангах хүсэлт хүргүүлсэн. Хүсэлтийг УОК хүлээн авсан уу?

Улсын онцгой комисст “Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ноос ковид-19 цар тахалтай холбогдуулан хэвийн үйл ажиллагаагаар хангах хүсэлтээ 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ны өдөр Улсын онцгой комиссийн И-мэйл хаяг болон олон нийтийн сошиал сувгаар дамжуулсан хүсэлтээ өгсөн байгаа. Хариугаа одоогоор аваагүй байна.

Улсын онцгой комисст хүргүүлсэн хүсэлтээ танилцуулж хэлье.

Улсын онцгой комисст хүсэлт гаргах нь:

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед бүх боломжит сувгаар, хурдан шуурхай ажиллаж байгаа Улсын онцгой комисст болон түүний ажилтнуудад гүнээ талархаж байгааг хүлээн авна уу.

Монголын барбер, үсчдийн холбоо нь энэхүү нөхцөл байдалд бэлтгэн, олон улсын “BARBICIDE ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДҮРЭМ КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХЭРХЭН АЖИЛЛАХ” Мэргэжлийн хөдөлмөрийн аюулгүйн байдал олон улсын онлайн сургалтад гишүүдээ хамруулан албан ёсны сертификатыг олгож бэлтгэлийг хангасан /https://barbicide.com/ гэдгээ мэдэгдэхэд таатай байна. Уг олон улсын сургалт, шалгалтаас бид дараах цогц мэдлэгийг олж авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахад бэлэн байгаа билээ.

Тухайлбал:

  • COVED-19-ийн халдвар дамжих зам
  • COVID-19 шинж тэмдэг
  • Хувийн хамгаалах хэрэгсэл
  • Үйлчлүүлэгчдээ аюулгүй байдлыг хэрхэн зөв ойлгуулах
  • Цар тахлын үед эрсдэлийн бууруулах практик аргууд
  • Халдваргүйжүүлэх
  • Ариутгалын бодисыг зөв зохистой хэрэглэх зэрэг сэдвүүдийг сургалтын хугацаанд заасан.

Олон улсын сертификат авсан Барбершопуудын үйл ажиллагаагаа нээж, хэвийн үйл ажиллагааг хангах хүсэлтэй байгааг хүлээн авна уу.

Сургалтад хамрагдсан барбершопууд:

  1. DOPE BARBERSHOP
  2. HYPE BARBERSHOP
  3. JONNY’S BARBERSHOP
  4. MINI BARBERSHOP
  5. 69 BARBERSHOP
  6. WOLF BARBERSHOP
  7. BARBER HOUSE
  8. MONKEY GANG BARBER CLUB
  9. БИРД BARBERSHOP
  10. 44 BARBERSHOP (ДОРНОД АЙМАГ)
  11. GUYS BARBERSHOP ( БАЯНХОНГОР АЙМАГ)
  12. SPARK BARBERSHOP
  13. J.O.S BARBERSHOP
  14. MOGUL BARBERSHOP

Бидний зүгээс ковид-19 цар тахлын үед ажиллах журам гаргаад тодорхой цагийн хуваариар ажиллах зөвшөөрлийг нь өгөөсэй л гэж хүсэх байна. Тэгвэл сургалтынхаа дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллахад бэлэн.

-Танай холбооноос “Халдвар хамгааллын дүрэм, ковид-19 цар тахлын эсрэг хэрхэн ажиллах” сэдэвт онлайн сургалтад гишүүддээ хамруулсан гэж хэллээ. Танай холбоонд нийт хэчнээн гишүүдтэй вэ. Холбооны бүх гишүүд энэхүү сургалтад хамрагдсан уу ?

“Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ны дэргэдэх “Mongolian Barbershop Club” гэж байдаг. Нийт 400 гаруй гишүүдтэй бөгөөд клубээс эхний ээлжинд барбершопд болон хувиараа ажилладаг 121 гишүүдэд олон улсын мэргэжлийн хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаа barbicide сургалт, олон улсын www.barbicide.com Ковид-19 цар тахлын үед хэрхэн ажиллах талаар сургалт явуулж сертификат олгосон байгаа.

“Монгол Барбер, Үсчдийн холбоо”-ноос үсчин, гоо сайханчдаа хандаж урилга гаргасан гэж сонссон.

Зочлох болон ахуй үйлчилгээний салбарт үйлчилгээ явуулдаг барбершоп, үсчин, гоо сайхны газруудад бид хэвийн үйл ажиллагаа нээх үед үйлчилгээ авахаар хүрэлцэн ирж буй үйлчлүүлэгч нартаа үнэгүй маск тараах уриалга гаргасан юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжаар байгуулагдсан Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан түр зөвлөл 11-р сарын 27-ний өдөр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллах 20 төрлийн үйлчилгээний салбарт үсчний газар багтаж үйл ажиллагаагаа 12-р сарын эхээр эхлэх байсан юм. Гэвч Ковид-19 вирус “үс”-ээр дамждаг гэсэн нотлогдоогүй таашаа мэдээлэл цахим орчинд цацагдсанаас болж ахуй үйлчилгээний салбар нээгдэхгүй удаа дараа хойшлогдсон.

“Mini Barber Shop” үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон. Энэ хугацаанд мэдээж олон үйлчлүүлэгчтэй болсон байх. Хөл хорины үед үйлчлүүлэгчдээс хэр их хүсэлт ирж байна вэ?

Эхлээд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. Эрэгтэй хүн хоёр долоо хоногт нэг удаа үсээ засуулах хэрэгтэй болдог. Яагаад вэ гэвэл үс нь ургахаар тухгүй, амархан ядрах мэдрэмж төрүүлдэг. Гоо зүйн талаас нь авч үзвэл гэр бүлийнхээ нүүр царай болдог.Шуудхан хэлэхэд эрэгтэй хүнийг үс нь чимдэг юм даа. /инээв/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд олон хүн холбогдож хэзээ онгойх вэ? гэж их асуусан. Одоо ч гэсэн асууж байгаа. Үйлчлүүлэгч нартаа хандаж “хэзээ онгойх эсэх нь тодорхойгүй байна, тэвчээрэй” гэж хэлж байна даа.


-Танай байгууллага нийт хэчнээн ажиллагсадтай вэ? Энэ үед ажилчдын цалин олгоход санхүүгийн хүндрэл үүсч байна уу?

“Mini Barber Shop” таван ажилчинтай. Хүндрэл учралгүй яахав ажилчиддаа санаа тавьж дэмжлэг үзүүлж байгаа. Хэдий цалинг гүйцэд өгч чадахгүй байгаа ч гэсэн миний зүгээс ажилчиддаа алдахгүй авч үлдэх бүхий л боломжоо ашиглаж байна даа. Жишээ нь:Өөрийн нэр дээр зээлийн карт гаргуулан авч ажилчиддаа өгөөд ашигласан мөнгөн дүнгийн хүүг өгөх, утасны дата, нэгж гэх мэт нэн хэрэгцээтэй зүйлсээр тусалж байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …