Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан хатуу хөл хориог 14 хоног тогтоох саналыг дэмжсэн байна.
Засгийн газраас хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.
Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ний 06.00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ний 06.00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
Баянзүрх дүүрэгт голомтлон гарч байгаа тохиолдол өдөрт 20-30 нэмэгдэж байна. Арванхоёрдугаар сарын 11-15-ний хооронд эмнэлгээс гарсан хүмүүсээс халдвар илэрсэн. Энэ хүмүүс иргэдийн дунд гарсан учраас цаашдаа эрсдэл нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.
Дэлхийн 192 орон хөл хорио тогтоогоод байна. Европын бүс нутагт бүх орон хөл хорио дахин тогтоож байна. Манай улсад шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэхгүй ч иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ нь өвчний тархалтад нөлөөлнө гэж үзэж хөл хорио тогтоох арга хэмжээ авч байна. Тархалтаас сэргийлэх гол зүйл бол вакцинжуулалт. KOBAKC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ. Тиймээс нийт ард иргэдээ Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг ойлгож хүлээж авахыг хүсье.
15 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалтад тогтоохгүй.
12-р сарын 23-ний өдрөөс хэвийн ажиллах 15 чиглэлийн байгууллага
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангалт, түгээлт тээвэрлэлт
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал объектын үйл ажиллагаа
- Нийтийн тээврийн зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот суурингийн усан хангамж, ариутгал халдваргүйжүүлэлт
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Банк
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
- Хууль тогтоох байгууллага, шүүх, өмгөөлөл, наторати
- Төрийн захиргааны байгууллагын 10-15 хувийг ажиллуулах
- Хүүхэд хамгаалал, асрах байрууд
- Буян, оршуулгын үйл ажиллагаа
ХӨСҮТ-өөс гарч байгаа халдварын тархалтыг зогсоох, бүрэн хэмжээний ариутгалыг хийж байна
ХӨСҮТ болон хэд хэдэн цэгийг эрсдэлтэй байна гэж УОК үзсэн. Хилийн боомтоор дамжиж халдвар тархах эрсдэл өндөр байна. Мөн эмнэлгийн орчинд халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа бөгөөд эмч, эмнэлгийн ажилчид халдвар авч байна. ХӨСҮТ дээр гэхэд л гурван тасгийн эмч, ажилтнаас халдвар илэрсэн. Цаашдаа ХӨСҮТ-өөс гарч байгаа халдварын тархалтыг зогсоох, бүрэн хэмжээний ариутгалыг хийж байна.
Хууль зүй дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан баг ХӨСҮТ дээр зохион байгуулалтын шинж чанартай арга хэмжээ авах дүгнэлт гарсан. Нэгд ачааллыг бууруулах дүгнэлт гарсны дагуу хөнгөн өвчтөнүүдийг бусад эмнэлэг рүү шилжүүлж байна. ХӨСҮТ энэ долоо хоногоос хэвийн горимоор ажиллаж эхэлнэ.”гэж мэдэгдлээ.