ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Өчигдөр улсын хэмжээнд 4134 хүн шинжилгээ хийхэд 57 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Тодруулбал 43 нь эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөн, ес нь сахиур, хоёр нь өвчтөний гэр бүлийн хүн, нэг нь эмнэлгийн захиргааны ажилтан, үлдсэн нэг хүн нь арванхоёрдугаар сарын 14-нд эмнэлгээс гарсан иргэнээс тус тус илэрсэн байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод нийтдээ халдварын 131 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Богино хугацаанд эрчийг авсан энэ дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа. Өнөөдрийн илэрсэн 55 тохиолдол хавьтал хэмээн тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээгээр илэрсэн.
Сэлэнгэ аймагт хавьтлаар тусгаарлаж байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Мөн Цэргийн төв эмнэлгийн нэг ажилтнаас коронавирус илэрчээ. Улаанбаатар хотын голомтод нийт халдвар авсан хүний тоо 274 болсон байна.
Сүүлийн 24 цагт Сэлэнгээс бусад таван аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Улаанбаатар хотын голомтод нийт халдвар авсан хүний тоо 274 бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1063 болсноос 541 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт 513 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдлын үнэлбэл, маш хүнд нэг, хүнд 6, хүндэвтэр 40, хөнгөн 466 хүн эмчлэгдэж байна. ”гэж мэдэгдлээ.