Б.Батзориг:Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд хяналт тавих шаардлагатай

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ихэнх гэмт хэргийн хохирогч нь хүүхэд байх тохиолдол түгээмэл байдаг. Энэ жилийн тухайд хүүхдүүд ямар гэмт хэрэгт илүүтэй өртсөн бэ?

-Нийслэл хотод энэ оны эхний 11 сарын байдлаар хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад 24.7 хувиар, хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон үзүүлэлт 30.7 хувиар буурсан байна. Ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хулгайн гэмт хэрэгт холбогдож, хохирсон байгаа нь анхаарал татлаа. Түүнчлэн золгүй байдлаар ахуйн хүрээнд бэртэж гэмтэх, улмаар амь нас, эрүүл мэндээр хохирох тохиолдол гарсаар байна.   

-Хэдэн сарын өмнө айл шатаж, бага насны дөрвөн хүүхэд нас барсан нь нийгмийг цочроосон.  Саяхан бас ийм хэрэг гарсан гэж сонслоо. Хүүхэд ийн амиа алдсан нь эцэг эхийн хариуцлагагүй байдалтай холбоотой юу?

-Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд айлын гэр шатсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад  энэ сарын 16-нд ирсэн. Үүнд бага насны  хоёр хүүхэд өртсөн тохиолдлыг шалгаж байгаа тул хуульд зааснаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ бүү цоожилж үлдээгээч гэж олон удаа энэ чиглэлийн байгууллага, алба хаагчдаас сэрэмжлүүлэг өгч байгаа. Гэтэл анхаарал болгоомжгүй хайнга байдал ийм эрсдэлд хүргэж байна.Он гарсаар хүүхдүүд орон гэртээ гал түймрийн аюулд өртсөн  есөн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Цаашид ч эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Иймд хүүхдээ галын болон бусад аюул ослоос мултрах боломж, аюулгүйн зааварчилгааг өгөх хэрэгтэй байна.  Мөн хүүхдийн бие нь өвдсөн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаанд нь авч, эмчилгээг бүрэн хийлгэхгүй тоомжиргүй явсаар өвчин нь хүндэрч амь нас хохирох, нярай хүүхдээ хэвтээ байдлаар хөхүүлэхдээ өөрөө унтаж хөхөөрөө дарж амьсгалыг нь боогдуулах гэсэн золгүй тохиолдол гарлаа. Иймээс хүүхдүүдээ аюулгүй, осолгүй байлгах бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал.

-Цагдаагийн байгууллагаас сануулга, мэдээлэл өгч байгаа ч хүүхдүүд эрсдэлд орсон хэвээр байна. Үүн дээр эцэг, эхчүүд юуг онцгойлон анхаарах шаардлагатай вэ?

-Хүүхдүүд гэмт хэргийн золиос болохоос илүүтэй ахуйн осолд өртөх магадлал их байна.  Цагдаагийн байгууллагаас “Сэргийлэгч хүү, охин”-ы дүрээр хүүхдийн аюулгүй байдлын 70 төрлийн зөвлөмж бэлтгэн олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан. Хүүхдийн аюулгүй байдлын чиглэлээр бэлтгэсэн зөвлөмжийг хүүхдүүдийн ихээхэн сонирхон үздэг “Dream”  телевизээр тогтсон хугацаанд цацаж байгаа. Үүнийг хүүхдүүддээ үзүүлээрэй гэж хүсмээр байна. Тухайлбал хүйтний улиралд орон гэртээ халаагуур /тень/ залгах тохиолдолд хүүдүүддээ цахилгааны залгуур, утас зэргээр тоглож болохгүй, нойтон гараар хүрч болохгүйг, шүдэнз галаар наадаж болохгүйг сайн ойлгуулах хэрэгтэй. Бага насны хүүхдийн дэргэд шүдэнз, асаагуур, янз бүрийн цэвэрлэгээний бодис, эм тариа, иртэй үзүүртэй зүйл байлгахгүй байх, халуун тогоог хол байлгах, цонхоор унахаас сэргийлж хаалт хамгаалалт хийх, хамгийн чухал нь хүүхдийг харгалзах хүнгүй гаднаас нь цоожилж үлдээхгүй байх гэсэн олон санамжийг өгмөөр байна. Таны гэрт байгаа цахилгаан хэрэгсэл хэр чанартай вэ, утас нь халж, шалбарсан, халалт үүсч хайлж байна уу, масс үүсч байгаа эсэхийг тогтмол шалгаж байх, олон зүйл зэрэг залгахгүй байх нь чухал.

Мөн утаа мэдрэгч дохиоллыг стандартын дагуу ажиллуулаагүйгээс угаарын хийнд хордох аюултай. Монгол гэрийн янданг галд тэсвэртэй материалаар хамгаалалт хийж, яндангийн цонолт халалтаас сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй, заавал төмөр сав поошигт хийж байх, гэртээ галд шатамхай бензин, бусад тослох материал хадгалахгүй байх хэрэгтэй. Удахгүй шинэ жил болох  гэж байгаа тул бенгалын галаар тоглох, шинэ жилийн гацуур модоо цахилгаан гэрлээр чимэглэээс үүдэн эрсдэл үүсч болзошгүй. Үүнд байнгын сонор сэрэмжтэй хандаж байх хэрэгтэй.

-Хөл хорио тогтоосон холбоотой хүүхдүүдийн цахим хэрэглээ нэмэгдсэн гэсэн ийм мэдээлэл байна. Цахим гэмт хэргээс хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?

– Энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалж хүүхдүүд гэр бүлийн орчинд дийлэнх цаг хугацааг өнгөрүүлж байгаа. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлага чухал юм. Хүүхдийнхээ цахим орчны хэрэглээг эцэг, эхчүүд хянаж байх шаардлагатай. Таны хүүхэд хэтэрхий олон цагаар цахимд орчинг ашиглаж байна уу, хэнтэй харилцаж байна, ангийнхаа хүүхдийг цахим гадуурхалд өртүүлж байгаа эсэхийг хянах хэргтэй. Мөн таны хүүхэд үе тэнгийн гадуурхалд өртөөд сэтгэл санааны хувьд гунигтай, айдастай, уйтгар гунигт автан амьдрах сонирхолгүй болоод байгаа юм биш биз гэдгийг анхаарч өсвөр насны хүүхдээ ажиглаж байх, гар утсыг нь заримдаа үзэж шалгаж байх, хоорондоо ярилцаж санал бодлыг нь сонсож байх зэргээр хүүхэдтэйгээ хэрхэн харилцах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй гэж эцэг, эхчүүддээ зөвлөе.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …