Улсын Дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шинээр албан тушаалд томилно

2013-11-11shuuh_big_0Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шүүхийн салбарт шинэтгэл хийх ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарсан юм. Уг хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах дүрэм, журам, бүтцийг батлах, зохион байгуулалтын болон бусад холбогдох арга хэмжээг 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөрт багтаан хэрэгжүүлэх үүргийг Шүүхийн Ерөнхий зөвлөл, Засгийн газарт хүлээлгээд байна.

Шүүхийн шинэтгэлийн ажлын хүрээнд боловсруулсан Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүхтэй байхаар хуульчилж өгсөн юм. Үүнтэй нийцүүлэн Улсын Дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчдийг хуучин албан тушаалаас нь чөлөөлж, шинээр албан тушаалд томилох гэж байна.

Энэ талаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Шүүхийн салбарт шинэчлэл хийснээр шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэр иргэдэд нээлттэй, ил тод болсон. Шүүгчдийн ажлын гол бүтээгдэхүүн нь шүүхийн шийдвэр байдаг. Монгол Улсад анх удаа үүнийг ил тод болгох ажлыг хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилох, чөлөөлөх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг томилж чөлөөлөх гэж байна” гэлээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” хэмээн заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

Шүүхийн шинэтгэлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд хамгийн сайн, чадварлаг, мэргэшсэн, ёс зүйтэй шүүгчдийг шилж сонгох нь шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь юм.  Иймд шинээр томилогдох гэж буй шүүгчдийг судлах ажилд иргэдийн оролцоочухалгэж үзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн нэрсийг шинэ зохион байгуулалтын дагуу өргөн бариад байна. Шүүгчдийн нэрсийг нийтэд зарлаж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх юм. Өмнө нь эдгээр шүүгчид хэрхэн ажиллаж байсан талаар иргэдээс үнэн бодитой мэдээлэл авахаар болоод байна. Иргэд үнэн, бодитой мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд нэр, хаягаа тодорхой бичиж арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ирүүлэх юм.

Иргэд шүүгчийн албан тушаалд шинээр болон дахин томилогдох гэж буй дараах хүмүүсийн мэргэжлийн ёс зүй, чадварын талаарх санал, бодлоо 2013 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор багтааж дор дурдсан хаягаар ирүүлэх боломжтой. Санал өгч буй иргэн өөрийн овог, нэр, холбогдох утасны дугаарыг заавал бичих шаардлагатайг анхааруулж байна. Иргэд дараах хаягаар шүүгчдийн талаарх саналаа ирүүлнэ. Үүнд:

Хаяг:
Ерөнхийлөгчийн Тамгын газар
Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1
Факс:+976 5126 1273

Цахим шуудан: irgen@president.mn

delgermaa@president.mn

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …