Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ явагдаж байгаа талаар мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар албан хаагчдыг ажлаас чөлөөлж эхэлсэн нь ямар учиртай вэ?
-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12-р сарын 22-ны өдөр баталсан тушаалаар яамны нийт албан хаагчдыг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлж, тэр дор нь нийт албан хаагч нарыг яамны шинэ бүтцийн дагуу байршуулан томилох ажил явагдаж байна.
-Яаманд бүтцийн өөрчлөлт хийх болсон шалтгаан юу вэ?
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг МУ-ын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 155 дугаар тогтоолоор баталсан юм.
Засгийн газрын тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эмийн агентлаг буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж, үйл ажиллагаа нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэхээр болсон нь улсын хэмжээнд эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, эмийн зах зээлд төрийн зохицуулалт хийх, эмийн аюулгүй байдалд хяналт тавихад чиглэсэн чухал шийдвэр болсон гэж үздэг.
Мөн тусламж үйчилгээний чанар, хүрээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас бодлогоор энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, орон тоонд Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ны өдрийн 176 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Засгийн газрын эдгээр шийдвэрүүдтэй холбоотойгоор Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу ЭМЯ албан хаагч нарыг шинэ бүтэц, хөтөлбөрийн дагуу ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байх үед Дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдварын (COVID-19) тохиолдлууд дотоодод гарч, улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн.
Тиймээс шинэ бүтцийн дагуу ажлын байрны чиг үүргээ шинэчлэн батлах, албан хаагчдыг байршуулан томилох үйл ажиллагааг түр зогсоож, төрийн албаны тасралтгүй байдлыг хангах, цар тахлын эсрэг арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах арга хэмжээг цаг алдалгүй явуулах үүднээс Эрүүл мэндийн яам албан хаагч нараа хуучин бүтцийн дагуу ажиллуулсан.
-Бүтцийн өөрчлөлтийг он солигдохын өмнөх нь хийж эхэлсэн нь анхаарал татаж байна?
Оны төгсгөлд Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор яам Төрийн албаны тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу явагддаг зарчмын дагуу юуны өмнө нийт алба хаагч нарыг чөлөөлж байж, дараагийн шинэ бүтцээр алба хаагч нарыг нийтээр байршуулан томилдог процесс үйл ажиллагааг эхлүүлээд байна.
-Халаа сэлгээ явагдаж, сайд өөрийн хүнээ томилох нь гэсэн хардлага байна. Та ямар хариулт өгөх вэ?
-Хардах эрх хэнд ч байдаг. Яамны зарим албан хаагчдыг дээр дурьдсан бодлогын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах шийдвэрүүд хуулийн хүрээнд гаргаж байна. Үүнийг зарим сайт, хэвлэлүүд албан хаагч нарыг ажлаас нь хоморголон халсан мэт ташаа агуулгаар мэдээллийг хүргэж байгаад харамсаж байна. Эрүүл мэндийн яам чиг үүргээ хэрэгжүүлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвийн ажиллаж байна.