УИХ-ын гишүүн С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллан, дүүргийн нэгдсэн эмнэлгээр орж, ковидын халдвар илэрсэн нөхцөлд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй нь танилцан, бэлэн байдлын зэргийг нь шалгаж, эмнэлгийн ажилтан албан хаагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг нь сонсож, урмын үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Дэлхий нийтэд аюул занал учруулж байгаа цар тахалтай нүүр тулан ажиллаж, иргэдийн эрүүл мэндийн төлөө гэсэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, ачааны хүндийг үүрч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаараа бахархаж байгаагаа уламжилъя. Цар тахлын аюул хэзээ ч, хэний ч үүд хаалгыг тогшиж болзошгүй цаг үед та бид ажиллаж, амьдарч байна. Тиймээс эмнэлгийн хамт болон юуны өмнө эрсдэлээс урьдчилсан сэргийлэх анхаарч ажиллах, нэгэнт эрсдэл тулгарсан тохиолдолд гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу халдварыг газар авахуулахгүйгээр таслан зогсоох чиглэлд хүч нөөц бололцоогоо дайлан ажиллана гэдэгт итгэж байна. Миний хувьд та бүхэнд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, шаардлага багаж хэрэгсэл болон бусад чадах зүйлээрээ туслан, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
С.Амарсайхан гишүүн Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгээр орж албан хаагчидтай уулзсаны дараа Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт ажиллалаа.
Налайх дүүрэгт гар аргаар олборлодог нүүрсний бичил уурхайг хаасантай холбоотойгоор Налайхчууд хэрэглээний нүүрсээ Багануур дүүргээс автомашинаар зөөвөрлөдөг хэдий ч нүүрсний олдоц муу, үнэ өндөр байдаг аж. Мөн дүүргийн хэмжээнд агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдийнээ давж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц хэмжээнд хүрсэн. Ийм учраас Налайх дүүрэгт шинээр баригдсан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түлшийг Засгийн газраас тогтоосон хөнгөлөлттэй үнээр авч хэрэглэх сонирхолтой байгаа талаарх хүсэлтээ дүүргийн олон зуун иргэд УИХ-ын гишүүн С.Амарсайханд хандан илэрхийлжээ.
Үүнтэй холбогдуулан сайжруулсан түлшийг Налайх дүүрэгт хэрэглэх ажлын бэлтгэлийг хангахтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан дүүргийн Онцгой комиссын гишүүдэд хандан тодорхой чиглэл өгч, ажил хэрэг болгохыг санууллаа.
Тухайлбал, юуны өмнө сайжруулсан түлш хэрэглэх сонирхолтой байгаа өрх айлуудын судалгаа хийх, тэдний хэрэглээний нийт дүнг тонн тутмаар тооцож гаргах, нийслэл хотын холбогдох байгууллагаас угаар мэдрэгчийг авч, түлш хэрэглэх айл өрхүүдэд суурилуулах, түлш хэрэглэх, галлах, угаар мэдрэгчийг ажиллуулах зэрэг зөвлөмж зөвлөгөөг өндөр зохион байгуулалттайгаар иргэдэд хүргэж, иргэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.