УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт нэн шаардлагатай автомашинуудыг гардуулан өглөө

Улс орон даяар цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ цаг үед УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өөрсдийн сонгогдсон Багануур дүүрэгт очиж ажиллан улс, нийслэлийн, дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийн албан газар, мэргэжлийн байгууллагуудад нэн шаардлагатай байгаа долоон автомашиныг гардуулан өглөө.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст аврах үйл ажиллагаанд зориулан бүрэн тоноглосон МАЗ автомашин, “Багануур тохижилт” ОНӨААТҮГ-т 45 хүний суудалтай ажилчдын автобус, “Багануур дулааны станц” ТӨХК-д шуурхай ажиллагааны фургон авто машин, “Багануур Ус “ ААТҮГ-т засвар үйлчилгээний ачааны авто машин, Засаг даргын тамгын газарт prius-30 авто машин, Шүүхийн тамгын газарт prius-30 авто машин, Улсын бүртгэлийн хэлтэст prius-30 авто машин тус тус байгууллагын удирдлагуудад хүлээлгэн өгсөн юм.

Автомашинуудын түлхүүрийг холбогдох байгууллагын удирдлагуудад гардуулан өгөх үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Цар тахлын аюул эрсдэл улс орон даяар нүүрлэж, нийслэл хотод өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ цаг үед иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл хэргийн төлөө цаг наргүй ажилладаг, мөн иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлдэг дүүргийн ажилтан, төрийн албан хаагчдын ажлыг жаахан ч хөнгөвчлөх, түргэн шуурхай иргэдэд үйлчлэх боломжийг бий болгохын тулд УИХ-ын гишүүн, журмын нөхөр Ц.Сандаг-Очирын хамтаар холбогдох хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэн та бүхэнд эдгээр автомашинуудыг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Ковидын халдвар тархах эрсдэлтэй хүнд нөхцөлд та бид ажиллаж амьдарч байна. Тиймээс та бүхэн эдгээр автомашинуудыг албаны хэрэгцээнд ашиглан иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгоход анхаарч, дор бүрнээ хичээж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу хичээж ажиллаарай” гэв.


Харин УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хэлсэн үгэндээ “Алслагдсан гэж нэрлэгддэг байсан Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн хөгжил сүүлийн жилүүдэд улам бүр урагшлан дэвших болсон. Налайх дүүрэг нийслэлтэй хурдны замаар холбогдож, төвийн дүүргүүдийн хэмжээнд хүрсэн бол Багануур дүүргийн хувьд хөрөнгө оруулалтууд эрс нэмэгдсэн. Бид өмнө нь иргэдэд хамгийн ихээр хүрч ажилладаг эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албанд хэрэглэх автомашинаар парк шинэчлэлтээ хийсэн бол өнөөдөр Онцгой байдлын хэлтсийн авран туслах ангид иж бүрэн тоноглогдсон автомашин, иргэдэд ойр ажилладаг Дулаан, тохижилт, ус сувгийн албаныхандаа нэн шаардлагатай автобус, фургон, ачааны автомашиныг, төрийн албаныхандаа приус автомашиныг хүлээлгэн өгч байна. Энэ хэрээр иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ түргэн шуурхай болно гэдэгт итгэж байна” гэлээ.

Үүний дараагаар УИХ-ын гишүүд Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэргэд шинээр баригдаж, ашиглалтанд орж байгаа 50 ортой төрөх нярайн эмнэлгээр орж үйл ажиллагаатай нь танилцав. Тус эмнэлгийн хувьд орчин үеийн эмнэлэгт байх стандарт шаардлагыг хангасан төдийгүй ийнхүү ашиглалтанд орсноор дүүргийн хэмжээнд нярай болон бага насны 50 гаруй хүүхдүүдийг эцэг эхийн хамтаар хүлээн авч хэвтэн эмчлүүлэх бололцоотой болж байгаагаараа давуу талтай гэнэ.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …