М.Отгонбаяр: Манай уран зохиол нэгэн цагийн давалгаанд автахгүй бат бөх суурьтай юм

Шинэ оны босгон дээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө уншигчдынхаа оюун санааны мэлмийд “Хөлөрсөн шувуудын дуун” хэмээх шинэ номын шүлгүүдээ хүргэсэнд баяр хүргэе. Хэр дуншиж байж төрсөн ном билээ?

-Манай уран зохиолын сүмбэр оргил Б.Лхагвасүрэн ах маань 2016 онд “Отгоо номоо гаргах цаг чинь боллоо” гэж шамдуулсаар “Амраглан гуниглан” нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлж байв. Энэ үеэр

“Отгоо яруу найрагч

Утга дүүрэн шүлэгтэй

Хотоор нэг нөхөдтэй

Ховдоор дүүрэн садантай”… хэмээн өмнөтгөл бичиж өгснийхөө дараа Б.Лхагвасүрэн ах маань инээж суусан сан. Ухаант мэргэдийнхээ сургаал гэрээсийг даган бид амьдарсаар л байна. Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд олон ч газраар явлаа, сайн мууг ч тууллаа. Энэ зуурт бичсэн шүлгүүдээ шигшиж шинэ номоо ихэд хичээн хэвлүүллээ. Номыг маань уран зохиолын бас нэгэн их хүн, Д.Галбаатар доктор ариутган шүүлээ.

-Хэдийгээр цар тахал, хөл хорио гэж байгаа ч таны номыг утга зохиолын хүрээнд “Сайн ном боллоо…” хэмээн үнэлж байна. Зохиогчийн хувьд юу гэж үзэж байна вэ?

-Миний хувьд бичсэн шүлгүүддээ ч гаргасан номондоо ч сэтгэл хангалуун байгаа. Ер нь ном бүтээл, тэр тусмаа сайн ном гаргана гэдэг зохиолчийн хувьд сэтгэл догдолж урам зориг бадраасан сайхан үйл явдал байдаг.

Олон жил шүлэг бичсэн хүний хувьд өөрөө өөрөөсөө ахих гэдэг тун амаргүй. Үзэж туулсан амьдрал нь хувь уран бүтээлчийг өөрийг нь бүтээдэг. Өдөр бүхэн гоо сайхныг мэдэрч, шүүн бодож, шүлгээр амьсгалж явна гэдэг бидний өдөр тутмын үзэгдэл болжээ. Мөч бүхэнд мөр шүлэг тунгааж байж л яруу утга бүтээх гэсэн оролдлогууд маань биелэлээ олдог. Тиймээс энэ бүх гэрэл гэгээнд тэмүүлсэн мөрөөдөл, хайр сэтгэлээр урласан зүрх минь энэ номонд бий.

-Уулын өндөр, усны тунгалагт төрж өссөн уран бүтээлчдийн онцлог гэж яах аргагүй нэг зүйл байна. Таны номноос ч ажиглагдана билээ?

-Монгол Алтайн нурууны мөнх цаст уулсын оргил дамжин тоглож өссөн бидний үзэл санаа, үйл хөдлөл, үг яриаг одод, тэнгэр, уулсгүйгээр төсөөлөшгүй. Би Урианхай хүн. Баян буурал Алтай нутаг бол бидний гэр орон, бидний хувьд орчлон хорвоо шүү дээ. Тал нутгийн хүний уужуу тайван зан төрх гэдэг шиг уулсын хүмүүст нэг тийм омголон бадрангуй зан чанар бий шүү. Энэ чанар манай уулсад төрсөн уран бүтээлчдэд бий, бий.

-Олон ястны өлгий нутагт өссөн хүүхдүүдийн хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадварт өөр тусгал бий. Гойд энэ тэр гэж магтах гээгүй юм. Хүн бүхэнд адил тэгш биш ч нэг өөр зүйл ажиглагдаж байдаг. Энэ тусгал ч “Хөлөрсөн шувуудын дуун”-аас алсарсангүй гэж харлаа?

-Тиймээ. Олон ястны баатарлаг түүх, урлагийн нандин өв соёл, аман зохиолын баялаг сан хөмрөг бол үнэхээр уран бүтээлч хүний хувьд диваажин л гэсэн үг. Ойрад угсаатан ястан бүр өөр өөрийн ахин давтагдашгүй онцлогтой. Жишээ нь манай урианхайчууд баатарлаг туульчид, Хүннүгээс улбаатай модон цуурчдаараа, торгуудууд их бага Агсал биелгээгээрээ, Чандмань сумынхан хөөмийгөөрөө, Цэцэг сумынхан уран нугаралтаараа алдартай. Үүгээрээ ховдчууд бид зөвхөн Монгол Улсын хэмжээнд биш, олон улсад алдартай гэж болно. Бидний өвөг дээдсийн бүтээсэн энэ гайхамшигт соёл бол хүн төрөлхтөний дунд онцгой, энэ дэлхий дээр хаа ч аугаа, бас алдартай юм гэж би боддог. Энэ л урлагаараа дамжуулан, бидний хүсэл мөрөөдөл, гоо сайхан, сайн сайхны тухай төсөөллүүд ч бас өөр өөрийн онцлогтой байдаг. Би л гэхэд зургаан настайгаасаа Урианхайн удам дамжсан их өв тээгч Төрийн шагналт, ардын туульч Баатарын Авирмэд, түүний хүү энэ цагийн Төрийн туульч А.Балдандоржтой хамт Алтай магтаал хайлахыг заалгаж байсан хүн шүү дээ.

-Та “Болор цом”-ын эзэн болоод бас чиг гурван он лав улирч. Өөрөөр хэлбэл олны анхааралд хүссэн хүсээгүй орж байна гэсэн үг. Хувь хүн талаас ч янз бүрийн өөрчлөлт гараа л биз дээ, энэ ч яахав. Харин зохиол бүтээлийн хувьд ямар хандлага гарч байх юм?

-Манай ахмадуудын бүтээсэн, ард түмэнд хүрсэн, тэр тусмаа яруу найрагт хайртай хүмүүсийн хүсэн хүлээдэг сайхан арга хэмжээ бол “Болор цом” наадам. Шүлэг бүтээлээ уралдуулан, нэгэн үдшийг найрагт умбуулж, Монгол хүн бүхний анхаарлыг татдаг гоё наадам шүү дээ. Тэр “Болор цом”-ын дараа Төрийн шагналт яруу найрагч Ц. Бавуудорж “Бидний үе уран бүтээлийн ачааг олон жил үүрч явна, одоо та нар үүрэх цаг нь ирсэн” гэж хэлсэн нь ихийг бодогдуулсан. Уран бүтээлийн хувьд ч уран бүтээлчийн хувьд ч өсөхөөс өөр аргагүй, үүрэх ачаатайгаа ирдэг алдар бол “Болор цом”. Би л хувьдаа ард түмэндээ  “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг”- ээрээ дамжуулан, энэ хорвоогийн ижий бүхэнд, хүн бүхэнд, тэр тусмаа энэ хорвоо дэлхийд өөрт нь ч нас гуйж ирсэн. Цар тахлын энэ үед ч та бүхэндээ нас гуйсаар л байх болно. Иймдээ ч шинэ ном бүхнээ энэ шүлгээрээ эхлүүлнэ гэж бодож байгаа.

-Ид хийж бүтээж яваа уран бүтээлчийн хувиар Монголын утга зохиолын хөгжлийн чиг хандлага хаашихнаа яваад байна вэ?

-Аливаа цаг үед уран бүтээлчийн эрэл хайгуул хүний оюун ухааны хязгаар хэмжээлшгүй. Ийм хэмжээний уран зохиолын өв үлдээсэн ард түмэн орчлонд тийм олонгүй гэж Г.Аюурзана дуу алдсан нь бий. Ерээд оны оюун санааны их тэсрэлтийн дараах олон ургальч үзэлд суурилсан шинэ уран бүтээлийн эрэлд залуус мордсон. Энэ эрэл эцэс төгсгөлгүй. Эрж л байвал тэр нь зөв байх учиртай. Ерөнхийдөө Өрнө Дорнын хэв маягаас би л хувьдаа Дорно талд нь илүү дуртай. Утга зохиолын гайхалтай өв үлдээсэн бүхий л өмнөх үеийнхэндээ гүнээ хүндэтгэн мэхийнэ. Би өөртөө болоод өөрийн үедээ сэтгэл хангалуун бус байдаг. Гэхдээ бидэнд ч бас хийж бүтээх цаг хугацаа байгаа гэж боддог. Хүсэл мөрөөдөл ч их байна. Дараа дараагийн үеийнхэндээ харин маш их найддаг.

-Монголын утга, уран зохиолд харийн нөлөө, эх хэлэнд халдах үзэгдэл байсаар байна. Гагцхүү яруу найрагч, зохиолч та нар л эх хэлний манаач байх учиртай. Та энэ үүргээ гүйцэтгэж, биелүүлж чадаж байна уу?

-Их Монгол эзэнт гүрний үед Монгол хэл дэлхийн хэлэнд нөлөө үзүүлж байсан. Харин тэр цагаас хойш Монгол хэл маань Түвд, Хятад, Орос хэлний нөлөөнд хүчтэй автаж явсан бол эдүгээ англи, бас солонгос хэлний нөлөөнд автангуй байна. Угаас хүн төрөлхтөн англи хэлний нөлөөнд байна. Шүлэгчийн хувьд эх хэлнийхээ манаачийн үүргийг сайн гүйцэтгэж байгаа. Аль болох л Монгол яруу сайхан үгнүүдээ өдөр тутмын хэрэглээнд оруулах, мартагдаж гээгдэхэд хайран ястан угсаатны үгсээ хадгалж хамгаалж л шүлэг бүтээлээ туурвидаг. “Нууц товчоо”-ны хэл гэгддэг эртний Урианхайн аялгат олон сайхан үгнүүд миний энэ номонд тайлбартайгаа орсон байгаа. 

-Ерээд оноос хойш утга зохиолд зөвхөн хийц, хэлбэр хөөцөлдөх хандлага бий болсон. Бүгдээрээ биш ч нэгээхэн хэсэгт энэ хандлага амь бөхтэй байсаар байна. Үүнээс үүдэж уугуул мөн чанар, агуулга алдагдах аюултай ч бултаар нь тавиад туучихаагүй л дээ. Үүнд эмзэглэдэг хүмүүс бий. Таны хувьд юу гэж бодох юм?

-Тиймээ, үнэхээр эмзэглэж, харамсаж, гайхаж явсан үе бий. Одоо бол миний хувьд төдийлөн эмзэглээд байдаггүй. Бас л нэг эрлийн зам. Үлдэх нь үлдэж эс үлдэх нь ахиж үзэгдэхгүй бололтой. Өдий хол зам туулж хүн төрөлхтөний уран зохиолд хүндтэй байр эзлэх учиртай манай уран зохиол нэгэн цагийн давалгаанд автахааргүй гүн бат суурьтай юм гэдгийг ойлгосон. Ардын язгуур аман зохиолоор улам бүр баяжиж, дэлхийн сонгодог оюун санаагаар сэлбэгдсэн манай уран зохиол цаашид ч улам гайхалтай зохиолчдыг төрүүлэх нь дамжиггүй. Гагцхүү бидний нүүдэлчин ахуйн хэл соёлыг л дэлхийд хүргэх амаргүй зам байгаа. Одоо өсөн өндийж буй шинэ монголчуудын шинэ үеийн зохиолчид тун удахгүй хорвоод ертөнцөд ноёлох байхаа гэж боддог.

-Техник технологи, хүний оюун санааны хөгжил дэвшлийг үгүйсгэхгүй. Гэхдээ адууг үхэр, хонийг ямаа гэж дайрахаа шинэчлэл дэвшил гэж нэрлэж болохгүй. Зарим тал дээр ийм байдал ч ажиглагдаж байна?

-Энэ бол уран зохиолын эрх чөлөөгөө хэрхэн яаж эдэлж байгаа асуудал л даа. Гол нь бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэн ойлгож, хэтэрхий улайран дайрч, гүтгэн доромжлохоос зайлхийсэн нь дээр санагддаг. Мэдээж уран зохиолын тодорхой түвшний ойлголтууд тодорхой л байдаг. Өөрөөр хэлбэл сайн бүтээл, сайн уран бүтээлч тодорхой л харагддаг шүү дээ.

-Мэдээжийн хэрэг уламжлал гээд шинэчлэлийг үгүйсгээд суух уран бүтээлч цөөн байх. Тэгвэл нөгөө талд шинэчлэл гээд уламжлалаа үгүйсгэх нь бас л байж болохгүй асуудал. Үүнийг хэрхэн зохицуулж явах ёстой юм?

-Уламжлалаа үгүйсгэх нь өөрийгөө үгүйсгэж буйтай агаар нэг. Хэдэн зуун мянганы туршид явж ирсэн ард түмнийхээ өв соёлыг үгүйсгэх нь үнэхээр мунхаг хэрэг. Харин уламжлал дээрээ суурилсан шинэчлэл бол маш үр дүнтэй. Манай уран зохиолд тун тодорхой шинэчлэл хийсэн олон суутнуудыг харж байхад тэд ихэвчлэн өмнөх үе, ардын аман зохиолоосоо маш сайн суралцсан нь харагддаг. Сайн зохиолч байхын тулд сайн хүн байх естой гэж үг ч бий. Бид ирээдүйд бичих олон сайн хүмүүст уран зохиолоо даатгасан цагт энэ талаар санаа амар байж болно.

-Үндэстэн оршихын нэгэн том шалтгаан чинь эх хэл, эх хэлийг манаж байдаг уран зохиол юм. Үүнд маш болгоомжтой хандах ёстой байх?

-Тийм ээ, үнэхээр болгоомжтой хандах ёстой нь одоо улам бүр тодорхой харагдаж байна. Манай нийгэм нэг хэсэг юун уран зохиол, юун урлаг манатай байв. Тэгвэл өнөөдөр уран зохиолын хувьд цаас цоохорлогчид, бичих донтнуудын амьдрах, амь зуух арга нь байж болохгүй. Мөн урлаг нь хошин шогчдын маазрал элэглэлийн тайз төдий харагдаж, нэг хэсэг тун эмгэнэлтэй байдалд орлоо шүү дээ. Одоогоор нийгэмд жинхэнэ уран зохиолын талаар тун тодорхой ойлголт өгч уншигчдаа бодлого зорилготойгоор бэлдэхгүй бол хаа нь ч хамаагүй хэн нь ч мэддэггүй нэг нөхөр гарч ирээд “шилдэг зохиол”, “шилдэг зохиолч” гэх мэтээр нийгмийн сонирхол татаж байгаа нь тун гашуун бөгөөд гунигтай явдал. Зохиол гэхийн аргагүй муу зүйл бичиж, энд тэндээс хүмүүсээс хулгай хийсэн эрээвэр хураавар зүйлс ч их байна. Миний бичсэн шүлгийг хулгайлж дүрсжүүлээд цацахад хэдэн мянган хүн шүтэн биширч байх жишээтэй. Манай шүүмжлэгч Г.Батсуурь тэргүүтнүүд уг нь тун хангалттай хэлж байгаа. Эх хэлээ хамгаалахын тулд уншигчдаа боловсруулах, уран зохиолоо цэвэр ариун байлгах гээд олон чухал асуудал, төрийн бодлого шаардаж байна. Шинэ тутам байгуулагдсан Соёлын яам энэ талаар хэрхэн харж буй нь сонин байна.

-Хойд хөршид ч ерээд оноос хойш уламжлал шинэчлэлийн маргаан дэгдэж, өдгөө үндэсний уламжлалт уран зохиолыг төрөөсөө гойд анхаарч эхэлсэн нь бас л нэгийг хэлж байгаа хэрэг?

-Чухам төрийн бодлого гэдэг л энэ. Өнөөдөр гадны соёлын нөлөөнд хүчтэй автсан манай нийгэмд Монгол хүний үнэлэмж үнэхээр муу байгаа. Монгол хүний хамгийн сайн сайхан чанаруудыг уран бүтээл л нийгэмд төлөвшүүлж үр хүүхдээ бид хүмүүжүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр манай улстөрчдийн зан суртахуунаас авахуулаад кино урлагийн олон бүтээлд Монгол хүнийг гутаан доромжлох хандлагууд ихээхэн газар авсан. Манай жүжигчид ашгийн төлөө зохиолгүй кино хийж, Монгол хүний сайн сайхан чанаруудыг үгүй хийж байгаа нь харамсалтай. Чухамдаа төр засгаас маш нарийн мэдэрч анхаарч байж л энэ бүхэн цэгцрэхээр байна даа.

-Даяаршлын давалгаанд тэсэж үлдэх, дэлхийд, Азийн цээжинд Монголоороо үлдэх их тулгуур багана бол уламжлалт уран зохиол юм. Энэ талаар маргалдсаар байна. Таны хувьд юу гэж бодож байна?

-Ерөөсөө эртнээс эдүгээ хүртэлх Монгол хүний хамгийн шилдэг сайн сайхан зан чанарууд баатарлаг их түүх, хүсэл мөрөөдөл нэвтэрхий шингэсэн  манай ардын болон орчин үеийн уран зохиол нь бидний эрхэм үнэт зүйл шүү дээ. Энэ бүхнээс суралцаж гэмээ нь жинхэнэ Монгол үлдэнэ. Тийм ч учраас өнөөгийн дэлхий ертөнцөд улс гүрнүүд соёл урлагаараа өрсөлдөн тэмцэж бие биенээ уусгах бодлого барьж буй нь нууц биш. Манайх ч бас энэ дунд идэвхитэй оролцсоор байгаа. Дэлхийн олон сая үзэгчдийг байлдан дагуулсан “the Hu” хамтлагаараа бид үнэхээр их бахархаж байна шүү дээ. Манай язгуур урлагийн олон сайн хамтлагууд дэлхийд гайхагдсаар л байгаа. Уран зохиолын хувьд ч бид гайхагдах цаг ирнэ, ээ. Өнөөдөр дэлхий даяараа аймшигт цар тахалтай тэмцэж, хөл хориотой байгаа ч манай урлаг соёлынхон нийгэмдээ сайн сайхныг уриалж түгээсээр л байна. Шинэ он ч гарлаа. Танай сонины уншигчдад энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг өргөн дэвшүүлье. Монголчууд эртнээс ном эрдмийг дээдэлж ирсэн хэмээн ярьдаг нь өвгөд дээдсийн үеэс өвлүүлсэн сургаал номоо уншиж, судалж өвөр зуураа хэлэлцэж, түгээн дэлгэрүүлж номт хүмүүнээ хүндлэн, үг сургаалийг нь сонсож  ирснийх шүү дээ. Манай өнөөдрийн нийгэм ч эрдэмт мэргэн хүмүүн ус агаар мэт хэрэгтэй байгааг та бид бэлхнээ харж байна. Иймээс үр хүүхдээ бага балчраас нь номтой нөхөрлүүлж, эрдмээр тэтгэн, хайрлан гийгүүлж байгаасай гэж уншигч түмнээсээ хүсэх байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …