Оном сангийн эрдэмтдийн багаас Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд хандан Улаанбаатар хотод тархаад байгаа коронавирусийн халдварыг хумих талаар дараах саналыг хүргүүлжээ.
Оном сангийн Эрдэмтдийн баг КОВИД-19 өвчний цар тахал дэлхий дахинд нүүрлэсэн цагаас өнөөг хүртэл төр засаг болон олон нийтэд хандан шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодитой мэдээлэл зөвлөгөөг тогтмол өгч ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд манай эрдэмтдийн багийн мэдээ мэдээлэл, зөвлөмжийн үзэлт, хүртээмж 30 саяыг хол даваад байна. САРС-КоВ-2 вирүсийн халдвар дотоодод дэгдэж, хатуу хѳл хорионы дэглэмд шилжсэн 2020 оны 11 сарын 11-нээс хойш өөрсдийн хийсэн судалгааны ажлыг нэгтгэн “КОВИД-19 ѳвчний үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдварын улмаас үүсээд буй халдварт өвчний онцгой нөхцөл байдалд үзүүлэх хариу арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө”-г боловсруулж 2020 оны 11 сарын 21-нд цахимаар, 2020 оны 11-р сарын 24-нд албан тоотоор Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт, хувийг Танд болон Эрүүл мэндийн сайд Т.Мѳнхсайхан нарт хүргүүлсэн билээ. Энэ цогц бичиг баримтыг хүлээн аваад Таны ирүүлсэн чин сэтгэлийн талархал манай эрдэмтдийн багт сэтгэлийн урам ѳгсѳн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Үүнийхээ хариуд улстөржиж хийрхсэн хардалт, увайгүй гүтгэлэг доромжлолын бай болсон ч бид ухарч няцаагүй ээ!
Оном сангийн Эрдэмтдийн баг хөндлөнгөөс шүүмжилж, дэлгэцийн цаанаас дэмий цэцэрхэж суугаагүй, гар бие оролцож газар дээр бодит үр дүнг гаргасаар байгааг Та маш сайн мэдэж байгаа. Дэлхийн улс орнуудаас түрүүлж Монголдоо Apple, Google дэлхийн мэдээллийн технологийн гигантуудтай албан ёсоор хамтран тэдний КОВИД-19 хавьтал тодорхойлох цоо шинэ шийдлийг ямарч үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэх боломжийг нээлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын албаны хүмүүстэй холбож энэ шийдлийг нэвтрүүлэх ажил эхлээд явж байна.
КОВИД-19 ѳвчний эсрэг ѳндѳр үр дүнтэй вакцин Монголдоо нэвтрүүлэх цаг хугацааг наашлуулахын тѳлѳѳх бидний хичээл зүтгэл бодит үр дүнгээ ѳгч Модерна компаний гүйцэтгэх захирал Стефане Банселтэй уг компаний АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран бүтээсэн вакциныг Монгол Улс шууд худалдан авалт хийж нийт хүн амаа вакцинжуулах боломжийн талаар мэдээлэл солилцож Монгол Улсын Засгийн газрыг холбож ѳгѳх үүд хаалгыг нээсэнд Та талархал ирүүлснийг манай баг мѳн хүлээн авсан.
Дарханы Онцгой Комисс, Эрүүл мэндийн яамтай хамтран Нэг ѳрх – Нэг иргэн шинжилгээг 3 хоногт багтаан зохион байгуулалцаж, улмаар нуугдмал халдваруудыг цаг алдалгүй илрүүлсний хүчинд тус аймаг богино хугацаанд халдварын голомтгүй аймаг болж чадлаа. Гэсэн хэдий ч Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн яам халдварын голомтыг хумихад онцгой чухал ач холбогдолтой болох нь нэгэнт батлагдсан Нэг ѳрх – Нэг иргэн шинжилгээг Улаанбаатар хотын хэмжээнд хурдтай, далайцтай зохион байгуулж чадахгүй байгаа нь харамсалтай.
Хатуу хөл хорио тогтоосон хэрнээ халдвар хамгааллын горим ноцтой зөрчигдөх, гадны улс орноос эрүүл ирсэн иргэд Энхсаран сувилал, Алтай, Амар, Эрхэс, Улаанбаатар зочид буудлуудад тусгаарлагдах хугацаандаа САРС-КоВ-2 вирүсийн халдвар олноороо авч, тусгаарлах байрууд, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд халдварын голомт болсон ноцтой алдаа удаа дараа давтагдлаа. Тусгаарлах байр болон эмнэлгүүд халдварын голомт болж буйд олон нийтийн сэтгэл маш их зовниж байна. Зөвхөн хөл хорио сунгахаас өөр шийдтэй хариу арга хэмжээ авахгүй асуудалд МОНГОЛ УЛСЫН ЕРѲНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад хамтран ажиллах тухай 1/87 алаг цоог хандаж, иргэдээс шинжилгээ авах ажлыг түүвэр төдий байдлаар оромдож буй нь иргэдийн итгэл алдрахад хүргэж байна. Анх хатуу хөл хорио тогтоосноос хойш бараг 2 сар шахам хугацаа өнгөрсөн ч УОК, ЭМЯ шинжлэх ухааны үндэслэлгүй, хариуцлагагүй ажилласнаас сүүлийн үед дотоодод эх үүсвэр нь тодорхой бус халдварууд илрэх боллоо.
Бид халдварын тархалтыг араас нь мөшгөөд гүйцэхгүй, угтаж илрүүлэх арга л хамгийн үр дүнтэйг 2020 оны 11 сарын 18-наас хойш сануулж байсан ч харамсалтай нь энэ зөвлөгөөг авч хэрэгжүүлсэнгүй. Тиймээс КОВИД-19 ѳвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвар хүн амын эрүүл мэнд, амь насанд бодитоор заналхийлж, цар тахлын дэгдэлт, хатуу хөл хорионоос үүдэн эдийн засагт өдрөөс өдөрт эрсдэл хүндрэл нүүрлэж буй энэ үед Оном сангийн эрдэмтдийн баг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Танд хандан дараах саналуудыг албан ёсоор тавьж байна.
1. Монгол Улсын Засгийн газар хатуу хөл хорионы дэглэмийг 2020 оны 01 сарын 11-ний өдрийг хүртэл дахин сунгасан шийдвэр гаргалаа. Гэхдээ энэ хугацааг Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн яам урьдын адил цаг аргацаах байдлаар дэмий өнгөрүүлвэл ямар ч үр дүнгүй болох төдийгүй халдварын тархалт улам нэмэгдэж улмаар хяналтаас гарах аюултай. Иймээс Нэг өрх – Нэг иргэн шинжилгээг ойрын хугацаанд нийслэлд өргөн далайцтай, өндөр зохион байгуулалттай хийж Улаанбаатар хотын 411 мянган өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах;
2. КОВИД-19 ѳвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвар илрүүлэх ПГУ-ын шинжилгээ хийх хүчин чадлыг эрс сайжруулах, нийт хүн амын дунд оношилгоо хийх нэгдсэн түр төвийг зай талбай ихтэй, агааржуулалт хамгийн сайн бүрдсэн Буянт-Ухаа спорт цогцолборт төвлөрүүлэн зохион байгуулж нуклейн хүчил ялгах 20 аппарат, 40 ширхэг ПГУ шинжилгээ хийх машин, бусад техник хэрэгслээр тоноглогдсон, 150 мэргэжлийн хүмүүстэй 20 шинжилгээний нэгжээс бүрдсэн, өдөрт дор хаяж 25 мянган ПГУ шинжилгээ хийх хүчин чадалтай нэгдсэн түр тѳв байгуулах аргачлал төлөвлөгөөг манай Оном сангийн эрдэмтдийн баг боловсруулан хүргүүлж буйг яаралтай судлан үзэж ажил хэрэг болгоно уу! Ийм нэгдсэн түр тѳв байгуулж, нийслэлийн өрх бүрээс нэг иргэнд, нийт 411 мянган хүнд шинжилгээ хийхэд ойролцоогоор 23 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо байна. Энэ нь хэдийгээр багагүй мөнгө мэт боловч Монгол Улс цар тахлын халдвар, түүнээс үүдэлтэй хатуу хөл хорионы улмаас өдөр бүр алдаж буй 60 тэрбум төгрөгийн алдагдалтай харьцуулахад хамгийн ухаалаг зардал байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Үнэндээ манай Эрдэмтдийн багийн гаргаж байгаа тооцооллоор 01 сарын 26 хүртэл хатуу хѳл хорионы дэглэмээр халдварын тархалтын эрчмийг хангалттай бууруулж чадах бѳгѳѳд энэ хооронд Монгол Улсын эдийн засаг 2 их наяд тѳгрѳгийн алдагдал хүлээх бѳгѳѳд энэ нь 23 тэрбум төгрөгѳѳс 87 дахин их ѳртѳг юм;
3. Улсын Онцгой Комиссын бүрэлдэхүүнд эрдэмтэн хүн огт байхгүй байна. Иймээс тѳрѳѳс хамааралгүй хөндлөнгийн эрдэмтдийн төлөөлөл болсон 3-аас доошгүй тооны эрдэмтдийг Улсын Онцгой Комиссын бүрэлдэхүүнд оруулж, гаргаж буй шийдвэр бүхэн шинжлэх ухааны үндэслэлтэй стратеги төлөвлөгөө, аргачлал зөвлөмжид үндэслэсэн шинжлэх ухаанч байхад онцгой анхаарах;
4. Нэг өрх – Нэг иргэн шинжилгээг хийхэд оршин суугаа хаяг байршил нь тодорхой бус иргэдийг нэг бүрчлэн хамруулах, халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан зохион байгуулахад Улсын болон Нийслэлийн Онцгой Комисс, холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнууд онцгой анхаарч, өмнө нь гаргаж байсан алдаагаа дахин давтахгүй байх;
5. Эцэст нь Нэг өрх – Нэг иргэн шинжилгээг эрчтэй, үр дүнтэй зохион байгуулж дотоодод тархсан эх үүсвэр нь тодорхой бус халдваруудыг нэн даруй илрүүлэх, халдварын голомтыг түргэн хугацаанд хумиж хатуу хөл хорионы дэглэмийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сулруулах бодит нөхцөлийг бүрдүүлэх энэ ажилд Оном сангийн Эрдэмтдийн баг гар бие оролцоход бэлэн гэдгийг Танд албан ёсоор мэдэгдэж байна.
Оном сангийн хувьд энэ ажлыг зохион байгуулах төлөвлөгөө, аргачлалыг боловсруулж, гардан хариуцаж, хамтран оролцсоныхоо төлөө төр засгаас ямарваа нэг амин хувийн ашиг хонжоо, мѳнгѳ тѳгрѳг, алдар нэр, ажил, тендер, сандал суудал, гавьяа шагнал хараагүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Бид Монгол гэсэн нэг эх оронтой. Монгол гэсэн нийтлэг нэг л эрх ашигтай. САРС-КоВ-2 вирүсийн халдварыг одоо л бүрэн илрүүлж, байгаа боломжоо бүрэн дайчлан тахлын тархалтыг таслан зогсоохгүй бол оройтоход ойрхон байна. Иймд бидний шинжлэх ухаанд тулгуурласан санал санаачилга, САРС-КоВ-2 вирүсийн ПГУ-ын шинжилгээний хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх, хүн амын дунд далайцтай шинжилгээ хийх стратеги төлөвлөгөөнд ухаалаг дүгнэлт хийж, цаг алдалгүй зөв шийдвэр гаргахыг эрхэм Ерөнхий сайд танаас хичээнгүйлэн хүсье! Энэ бол Монгол улсын өнөөгийн төр засагт оногдсон түүхэн үүрэг, Монгол хүн бүрийн чин хүсэл билээ.
Оном сангийн Эрдэмтдийн багийг тѳлѳѳлѳн гүнээ хүндэтгэсэн: Д.Наранбаатар