Хөвсгөл аймгийн Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн юм.
Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр орой Хөвсгөл аймгийн Ханх сумаас урагш 30 км газарт газар хөдөлсөн. Улаанбаатарын цагаар 05.32 цагт 6.5 магнитуд буюу найман баллын газар хөдөлсөн. Балл гэдэг бол газрын хөрсөн дээр мэдрэгдэж байгааг хэмждэг хэмжүүр юм. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад газар хөдлөлт 10 дахин нэмэгдсэн.
Улаанбаатар хотод 193 түр цугларах талбайтай. Түр цугларах талбай гэсэн хаяг тэмдгийг байршуулсан байдаг. Хэрвээ томоохон газар хөдлөлт болбол та бүхэн түр цугларах талбайд очиж мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөгөөр ажиллах ёстой. Хамгийн гол нь айхгүй тайван байх ёстой.
Газар хөдлөлт бол байгалийн үзэгдэл.
Бэлтгэл байдлаа хангаад, тайван байвал хохирол багатай давна.Иргэд газар хөдлөлтийн үед бат бөх ширээн дор орох ёстой. Мөн бат бөх орны дор ор гэж зөвлөдөг.
Газар хөдлөлт болж байх үед гүйж гарч болохгүй. Газар хөдлөлтийн чичирхийлэл дуустал даацын багана, аркын хажууд, ариун цэврийн өрөөнд очоод зогсох хэрэгтэй. Гэртээ гар чийдэн, шүгэл байлгах хэрэгтэй. Газар хөдлөлтийн аюул их болсон. Давтамж нэмэгдэж байна”гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү