Хөвсгөл аймгийн Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн юм.
Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэл хийлээ.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “2021 оны нэгдүгээр сарын 12-нд өглөө 05.32 минут 58 секундэд Ханх сумаас 27 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Одоо ч давтан хөдлөлт болсоор байна. Хамгийн сүүлийн мэдээгээр газар хөдлөлтийн төвд 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон. Үндсэн хөдлөлтийн магнитуд 6.5, давтан хөдлөлтийн магнитуд нь харьцангуй бага гарсан. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 10 удаа бүртгэгдээд байна.
Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Улаанбаатар хот нь тухайн газар хөдлөлт болсон төв цэгээс 610 км-ийн зайд оршдог. Хүрэл тогоотын станцад бүртгэгдсэнээр Улаанбаатарын хадан хөрсөнд 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн.Энэ нь барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөрөөр мэдрэгдсэн байна.
Ард иргэдээс газар хөдлөлтийг мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарсан. Дэлхий дахинд хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломжгүй байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотод 3820 барилгыг газар хөдлөлтөнд тэсвэргүй гэж үзсэн
Харин барилга, байгууламж газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх талаар МХЕГ-ын Дэд бүтцийн газрын дарга Д.Жаргал дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрээр “Газар хөдлөлтийн тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт нэлээд өндөр байгаа. Орон нутагт 16.6, Улаанбаатарт 2.1 хувь нь шаардлага хангадаггүй гэсэн тоо байдаг. 2006-2020 онд мэргэжлийн хяналтын байгууллага Улаанбаатар хотод 3820 барилгыг газар хөдлөлтөнд тэсвэргүй гэж үзсэн. Хөвсгөл аймагт ажлын хэсэг гараад барилгууд дээр үзлэг шалгалт хийж байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд сургууль болон Засаг даргын тамгын газарт хананы замаск нурсан. Мөн орон сууцны жижиг барилгуудад хагарлууд үүссэн. Бусад аймгуудын хувьд ноцтой осол аваар гараагүй байна” гэлээ.