Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд өнөөдөр өглөөний 06.00 цагаас хэсэгчлэн хөл хорио тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ.
Шинжилгээг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нийт 10 цэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд хорооны Иргэд нийтийн танхим, 79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр, 021-р худаг, Өргөн гудамжны “Баян” дэлгүүр болон явуулын зургаан байршилд авч байна.
17 дугаар хороо гэр хорооллын бүс бөгөөд тус хороонд дөрвөн айлын голомттой 20 гаруй хүнээс коронавирус илэрсэн байна. Тандалт, илрүүлгийн шинжилгээг эмнэлгийн 129 ажилтан хийж байгаа бөгөөд сургуулийн багш, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтнууд бүртгэлийг хийж байгаа юм.
Баянзүрх дүүргийн хэмжээнд лавлах мэдээллийн 1900-1063 утсыг ажиллуулж иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байгаа юм. Мөн энэхүү утсаар хүнс, түлшний туслалцаа авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч “Улаан загалмай” нийгэмлэгийн ажилтнууд тусламжийн бараа хүргэж өгч байгаа талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул хэллээ.
Мөн өнөөдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хязгаарлалт тогтооосон. Тус хорооны нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “4 дүгээр хороо нийт 14 мянга гаруй хүн амтай. Эдгээрээс 5000 гаруй иргэнийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд хамруулна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-18 байр байна. Харин тусгаарлалтад ороогүй Баянгол дүүргийн иргэд нэг өрх, нэг иргэн шинжилгээнд хамрагдана. Энэ бүсэд хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллаж байна” хэмээлээ.