Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.
БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа.
Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна.
Талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ. Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн стратегийн түнш, гуравдагч хөрш БНЭУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв