Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа

Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулаад байсан юм.

Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах хүрээнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнхэн эрчимтэй хамтран ажиллаж, ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгавруудыг амжилттай биелүүлсэн. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг ФАТФ-аас өндрөөр үнэлж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд буюу 1 жилийн дотор саарал жагсаалтаас гарч чадсан улс болсон. Иймд Европын Комиссоос Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг Европын Холбооны 2015/849 дугаартай тогтоолын шаардлагуудын дагуу үнэлж, дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

“Европын Комиссоос холбогдох мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийж, Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоон дахь стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэв. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооныхоо үр дүнтэй байдлыг бэхжүүлж, ФАТФ-ын илрүүлсэн стратегийн дутагдлыг арилгах чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг даалгавруудыг бүрэн биелүүлж ажилласан. Эдгээр арга хэмжээ нь хангалттай өргөн цар хүрээтэй ажил болсон бөгөөд Европын Холбооны 2015/849 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлд заасан стратегийн дутагдлыг бүрэн арилгах шаардлагыг хангасан байна.” гэжээ.

Монгол Улсыг Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас гаргаснаар Европын Холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээг богино хугацаанд хийж гүйцэтгэх, Европын Холбооны санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.

Европын Холбооны албан ёсны сэтгүүлд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэлсэн 2021/37 дугаартай тогтоолтой дараах холбоосоор орж танилцана уу.

Official Journal of the European Union-Commission Delegated Regulation (EU) 2021/37

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …