Дарангуйлал, хүний эрх хоёрыг хэзээ ч нэг улсад багтдаггүй гэдгийг Оросоос хараад ав

Улсын Ерөнхийлөгч дарангуйлагч болон хувирахад хууль нь ард иргэддээ бороохой болж буудгийг манайд хойд хөршийнхөн үнэн тодоор харуулж байна. ОХУ-д болж буй хүний эрхийн төлөөх сэтгэл зүрхээрээ эвлэлдэн нэгдсэн энгийн ардын жагсаал цуглаан сүүлдээ цагдаа сэргийлэхийн этгээдүүдийн яргалал болох шинжтэй. Дэлхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд байгаа орос цагдаагийн тусгай зэвсэглэл хэрэглэн хүүхэд эмэгтэйчүүдийн цусыг асгаруулж, олон мянгаар баривчилж буй бичлэг үүнийг илхэн харуулна. Тэгвэл монголчууд бид үүнээс юуг яс махандаа шингэтэл ойлгон, суралцах ёстой вэ.

Монголд ч ийм төрлийн жагсаал болдог, болсоор ирсэн, цаашид болсоор байх болно. Хүний эрхийг зөрчигдөж, ардчиллын суурь зарчим гажуудсан тохиолдолд хэн бүхэн оросуудын адил эсэргүүцэх эрхтэй. Хэдхэн хоногийн өмнө төв талбайд болсон монгол залуусын тайван жагсаал ч хүний эрхийн төлөөх ард иргэдийн дуу хоолой байсан юм. Гэтэл тэр жагсаалыг дарангуйлагч болох санаархалтай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн өөрт ашигтай эргүүлэхийн тулд далдаас санхүүжүүлж, удирдсан гэдгийг Засгийн газрын томчуул гэрчилсэн. Сүүлдээ жагсагчид болон цагдаа нарыг хооронд нь турхирч эмх замбараагүй байдал үүсгэхийг завдсан болж таарсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл суудлаасаа буухдаа үүнийг онцолж, улс төрийн ашиг хонжоо хайх бус хүний эрхийг дээдэлж, нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлаас үүрд зайлсхийнэ хэмээсэн нь ийм учиртай. Буруутныг нь ч Ерөнхийлөгч Х.Баттулга гэж нэр цохолгүй зарласан.

Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, эрх баригч намын дарга хүн ийм зоригтой алхам хийгээгүй бол орос хүүхэд залуусын цус урсаж буйтай адил аймшигтай явдал монголчуудад тохиох магадлал өндөр байлаа. Өнөөгийн цэрэг зэвсэглэлийн их гүрэн Орос, дусал ч цус гаргалгүй төрийн эргэлт хийж чаддаг ардчиллын хувьд их гүрэн Монгол Улс хоёрын ялгаа нь энэ юм. Ах дүү найрамдалт улсуудын бие биенээсээ суралцах зүйл их байна даа. Дарангуйлал, хүний эрх хоёр хэзээ ч нэг улсад багтахгүйг түүх гэрчилдэг. Дарангуйлал байгаа газраас хүний эрх дайждаг. Харин хүний эрхийг дээдэлдэг улсад дарангуйлал тогтох ямар ч боломжгүй. Наад зах нь өнөөдрийн их гүрэн Оросоос дарангуйлал, хүний эрх хоёрыг хэзээ ч нэг улсад багтдаггүй гэдгийг хараад авах хэрэгтэй.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …