Оскар 93:Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино шилдэг гадаад киноны төрөлд өрсөлдөнө

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог.

Тэгвэл энэ жилийн Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” киног нэр дэвшихээр болсон талаар hollywoodreporter.com сайт мэдээлжээ.

“Алтан судал” киноны зохиолч, найруулагчаар Д.Бямбасүрэн, хоёрдугаар найруулагчаар Д.Батцэцэг, ерөнхий зураглаачаар Талал Хоури,ерөнхий эвлүүлэгчээрээ Анн Юнэман, продюсераар Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ,Д.Батбаяр, Эва Кэмм, Ансгар Фрерик, Тобиас Н.Сиебэрт, ерөнхий зураачаар Н.Батжаргал, хувцас зураачаар Ц.Түмэнхүү, хөгжмийн зохиолчоор Жон Гюртлэр, Жан Мисерр нарын уран бүтээлчид ажиллажээ.

Харин киноны гол дүрд жүжигчин МУСТА Н.Ялалт , Т.Энэрэл, С.Ариунбямба, МУГЖ У.Батбаатар, Б.Бат-Ирээдүй тогложээ.

Сонирхуулахад зохиолч, найруулагч Д.Бямбасүрэн нь 2003 онд “Ингэн нулимс” Монголын баримтат киног Луйжи Фалорнитай хамтран бүтээж, дэлгэцнээ гаргаж байжээ.

Тус бүтээл нь Баварийн кино наадмаас олон шагнал хүртэж, Оскарын “Шилдэг баримтат кино” төрөлд нэр дэвшиж байсан юм. Түүнчлэн тус бүтээл нь 60 гаруй орны кино театрын дэлгэцээр олны хүртээл болсон байна.

2005 онд түүний бүтээсэн “Шар нохойн там” баримтат уран сайхны кино дэлхийн өнцөг булан бүрт үзэгчдийн хүртээл болсон юм. Найруулагч Д.Бямбасүрэн олон шагнал хүртсэн бөгөөд Германы кино наадмаас “Шилдэг хүүхдийн кино” төрөлд шагнал хүртэж байжээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …