Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.02.01/ Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисст ажиллаж, үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Тусгаарлах байранд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс их ирж байна. Сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх эмч нар ажиллуулж байна.
Иргэд 14 хоног тусгаарлагдаад гарахдаа эд хогшлыг нь эвдэж байна. Эзэд нь цаашдаа байраа ашиглуулахад маш хүндрэлтэй байгааг бидэнд хэлж байна. Тиймээс энэ асуудлаар Шадар сайдтай тусдаа ярьж, ярилцана.
Эрүүл мэндийн салбар цэгцэрч чадахгүй юм бол бахь байдгаараа л байна
Сүүлийн хоёр, гурван сарын үйл ажиллагааг зохион байгуулахад эрүүл мэндийн салбар манай салбар хоёрын хооронд мэдээлэл солилцох, менежментийн маш том асуудал гарч байна. Мэдээллийн менежмент одоо хүртэл туйлын хангалтгүй байгаа.
ХӨСҮТ-ээс “кластер өвчлөл байгаа” гэдгийг өчигдрийн хурал дээр хэлсэн. Тиймээс кластер байхад нь дорвитой арга хэмжээ зохион байгуулаад хумиад авах хэрэгтэй байна. Дулаан орвол өвчлөл улам тархах эрсдэл байна.
Өчигдөр орой Сэлэнгэ аймгийн Ерөө суманд халдвар илэрсэн. ХӨСҮТ-ээс тэндээ эмчлэх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Эрсдэл маш өндөр байна. Өнөөдөр эрсдэлийн үнэлгээний тайлангаа Шадар сайдад танилцуулна. Энэ ажлын 50 хувь нь зохион байгуулалт менежментээс хамаарч байгаа. Тэр тусмаа эрүүл мэндийн салбар цэгцэрч чадахгүй юм бол бахь байдгаараа л байна. Би өчигдөр С.Энхболд сайдтай уулзаж асуудлыг танилцуулсан” гэлээ.