Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.02.01/ Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисст ажиллаж, үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид өнөөдөр шорвог зүйлээ ярья. Өнөөдөр бид сайн байна гэж бие биедээ тал зассан бялдууч үг чулуудах цаг нь биш. Амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгааг ойлгож байна. Бид өнөөдөр бодит нөхцөл байдлыг бодитоор үнэлж, яаж бид зөв байдлаар урагшлах вэ гэдгийг ярих гэж Шадар сайдын УОК-ыг удирдах эхний өдөр нь зориуд ирлээ.
Надад ганцхан асуулт байна. Халдвар хамгааллын дэглэм яагаад энэ өрөөнд мөрдөгдөхгүй байна вэ? 1,5 метрийн зай хаана байна? Эсвэл та нар халдвар авахгүй хүмүүс юм уу? Шуурхай штабын энэ өрөөнд халдвар хамгааллын дэглэм ягштал барьж чадахгүй бол бид иргэдийг яаж зайгаа бариад бизнесээ хий гэж хэлж чадах юм бэ. Өрөө тасалгаа хүртээмжтэй биш байгааг ойлгож байна. Гэхдээ вирус хүнийг ялгахгүй. Шуурхай зохион байгуулалтын хамгийн гол цэг дээр ажиллаж штаб дээр зай барьж чадахгүй байж бид яаж үндэсний хэмжээний зүйлийг зохион байгуулах вэ!
Хоёрдугаарт нэг зүйл дээр санал нэгж байна. УОК дээр санал гаргадаг. Засгийн газар дээр шийдвэр гаргадаг. Гэтэл яг анхан шат дээр буюу амьдрал дунд, та бүхний үүрэг өгснөөс доод шатанд энэ замхарч байгаа. Яг энд зай барихгүй байгаа шиг. Энэ байдлаа яах вэ!
Нэг дэлгүүрийн барааны лангууг ажиллуулахгүй гээд хүнсний лангууг нь ажиллуулдаг. Адилхан л хүмүүс орж байгаа, ямар ялгаа байх вэ тэнд!. Шинжилгээ авна гээд очерлуулчихдаг. Машиныг нь хориглоод автобус дотор бөөнөөр суулгачихдаг. Энэ бүх зүйл анхан, дунд шатны зохион байгуулалт дээр алдаж байгаа шүү.
“Өргөө” амаржих газраас болж Засгийн газар ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон. Ийм нөхцөл байдал байгаа гэдгийг битгий мартаарай! Шат шатандаа хариуцлагаа хүлээж ажиллах ёстой шүү!” гэв.
Анхан дунд шатны зохион байгуулалт дээр алдаж байгаа шүү. Үүн дээр Шадар сайд онцгой анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар ингээд байна, УОК ингээд байна, Шуурхай штаб ингээд байна гээд бие бие рүүгээ алдаагаа чихдэг. Энэ вирус цогц бол зүйл. Цар тахал эрүүл мэндийн салбарын асуудал биш. Цар тахал бол эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, боловсролын асуудал. Та бүхний ажил уялдаа холбоогүй, хариу үйлдэл цогц биш байгаа учраас Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байна. Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг өөрсдөө дагахаас эхэлнэ. Та нар гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхгүй бол хэн та нарын шийдвэрийг хэн хэрэгжүүлэх юм бэ.
Хотын төвд ажил маш сайн, гэр хороололд халдвар хамгаалал тааруу байсан
Иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахиулна гэж тусгаарлах байранд аваачдаг. Гэтэл хөзөр тоглож гаднаас архи, тамхи худалдаж авсан асуудал гарсан. Энэ бүх зүйл анхан шатан дээрээ очоод ажил замхардгийн тод жишээ болсон шүү. Хотын төвд ажил маш сайн, гэр хороололд халдвар хамгаалал тааруу байсан. УОК, Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, НОК нэг мотортой ажиллах хэрэгтэй. Хөдөлгүүр чинь доголдоод байна. Хамгийн мэдээлэлтэй нэг хүн нь л мэдээллээ өг. Бүгд зурагтаар гарах дуртай. Энэ тэнд очоод ярилцлага өгнө, тоонууд нь зөрнө. Яаж энэ дундаас иргэд нэгдсэн ойлголт авах юм бэ. Одоо бие бие рүүгээ алдаагаа чихэхээ больцгоо. Асуудал цогц гэдгээ маш сайн ойлго. Иргэндээ үйлчлэх сэтгэлзүйтэй бай. Иргэдээс ямар ч сэтгэлзүй гарч болно.
Эрүүл мэндийн салбарынхан хандлагаа өөрчлөх хэрэгтэй
Би Ерөнхий сайдын хувьд жижиг асуудал гаргахгүй, деталь бүхнийг анхаарч ажиллах болно. ХӨСҮТ-ийн бохирыг яаж гаргаж байгаагаас эхлээд гэнэтийн шалгалт хийнэ. Үүнийг Шадар сайд очиж шалгах ёстой. Өнгөрсөн хугацаанд бид том шийдвэрүүдээ зөв гаргаад деталь дээр алдсан. Анхан дунд шатанд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүй назгай, сэтгэлгүй, хүнлэг бус байдлаас болсон. Вакцинжуулалтын ажилд одооноос бэлтгэлтэй байгаарай. Хадгалалт болон зохион байгуулалтын ажилд алдаа гарах вий. Тусгаарлах байранд нийтийн 00-той газар бүтэхгүй шүү.
Эрүүл мэндийн салбарынхан хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Шуурхай штабынхантайгаа ойлголцож ажилла. Бараг Шадар сайд Шуурхай штабаа удирдаад явсан дээр. Ийм олон салбарын ажилтан нэг хүнд удирдагдахгүй шүү. Сайд дуудсан гээд л яваад өгнө. Би ЗГХЭГ-т ажиллаж байхдаа бүх зүйл ярьснаас өөр гэдгийг харсан. 120 гаруй хүнтэй яаманд яг ажилладаг 25-30 хүн л байдаг юм билээ. Өнөөдөр ч гэсэн энд маш ачаалалтай ажиллаж байгаа хүн хэд байна, ирээд царайгаа харуулчихаад явдаг хүн хэд байна. 14 хоногийн дараа би дахиж ирнэ. Энэ нөхцөл байдал яаж өөрчлөгдсөнийг харна. Шадар сайдаа дунд, доод шатны менежментийг сайжруул. Зөвхөн өрөөндөө хурал хийхээс илүү энэ хүмүүсийн дунд нь бай, амьдар” гэлээ.