“Дайны эрсдэлийн сан” байгуулан түүгээрээ дамжуулан их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн хуучин удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд 10.00 цагаас, нээлттэй явагдана.
Шүүх хурлаар МИАТ-ын захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутган яллахаар төлөвлөөд байгаа юм
Дашрамд дурьдахад, Мөрдөн байцаалтын явцад тэднийг нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гэх Япон, Хонгконг дахь зохиомол компаниудад МИАТ-ийн дансаар тухайн үеийн ханшаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн болохыг тогтоосон юм. Мөн дээрх мөнгөнөөс өөрсдийнх нь хувийн данс болон компанийх нь дансаар нийтдээ 4.3 тэрбум төгрөг нь эргэж орж ирсэн болохыг тогтоосон тул тэдний 16.5 тэрбум төгрөгийн хадгаламжийн данс, 27 компанид оруулсан хувь, бусад машин хэрэгслийг битүүмжлээд байгаа ажээ.
Л.Бадрах.ugluu.mn