Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн авах, түүнийг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.
-Хөл хорионы хугацаанд нийслэлчүүд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах вэ. Ялангуяа хорт хавдрын өвчний эсрэг хими, туяа эмчилгээ хийлгэх, гемодиализын аппаратад орох шаардлагатай иргэд хэрхэн, яаж эмчилгээндээ хамрагдах талаар их асууж байна. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу?
-Засгийн газраас эдгээр өдөрт ямар хэмжээний зохион байгуулалт хийх вэ гэдэгт ажлын хэсгийн хүрээнд ярилцаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Гэхдээ жил бүр баяр наадам, цагаан сар зэрэг олон хоногийн амралттай үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах тал дээр эрүүл мэндийн байгууллагууд тодорхой хэмжээний зохион байгуулалт хийж, нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Нийслэлийн эрүүл мэндийн харьяа байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төв, дүүргүүдийн эрүүл мэндийн төвөөс гадна ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд нэг менежмент дор, нэг зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Тухайлбал өрхийн эмнэлэг ямар зохион байгуулалтаар ажиллах вэ?
-Өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрийн харьяаны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэгтэй хүмүүсээ эрэмбэлнэ. Байнгын хяналт хэрэгтэй буюу хорт хавдартай, аппаратад ордог, нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэй зэрэг хүмүүстэй өдөр бүр онлайнаар холбогдож, зөвлөгөө заавар өгч ажиллана. Харин эмнэлгийн тусламж очиж үзүүлэх шаардлагатай бол халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан эмнэлгийн машинаар гэрт нь очино. Хоёрдугаарт өрхийн эрүүл мэндийн байгууллагууд өдрийн эмчилгээ хийдэг. Тиймээс тарилгын эмчилгээ байгаа тохиолдолд өнөөдрөөс уух эмийн эмчилгээ рүү шилжүүлээд, мөн онлайн хяналт, хэрэв шаардлагатай бол очиж зөвлөгөө өгөх зохион байгуулалтад шилжиж байна. Мөн тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хоёроос доошгүй эмийн сан 24 цагаар ажиллана. Ажиллаж байгаа эмийн сангууд гаднаа тусгай таних тэмдэглэгээ байршуулах юм.
-Харин дүүргийн эмнэлгүүд ямар байдлаар ажиллах вэ?
-Дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр таны дээр асуусан гемодиализын аппарат, хавдрын хими болон туяа эмчилгээ, мэс заслын дараах боолт зэрэг товлолт эмчилгээ хийгддэг. Тиймээс эдгээр иргэний зорчих асуудлыг шийдвэрлэх үүднээс Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран тусгай автобус явуулахаар болж байна.
Дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудын удирдамж дор энэхүү автобусуудыг үйлчилгээнд явуулна. Харин дүүргийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч ямар өвчтөнийг хаанаас, хэдэн цагт очиж авах вэ гэдэг маршрут, цагийн хуваариа гаргана. Улмаар энэ талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдэдээ урьдчилж өгсөн байх ёстой юм.
-Яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн болон асран хамгаалагч, сахиур нь буцаад яаж гэртээ харих вэ. Энэ тохиолдолд хувийн унаа явах уу?
-Яаралтай тусламж ердийн журмаар ажиллана. Гэхдээ энэ хугацаанд яаралтай тусламжийн багийнхан нэлээн ачаалалтай ажиллах загвар харагдаж байгаа. Тиймээс хүний болон бусад нөөц бололцоогоо нэмж байна. Яаралтай түргэн тусламжийн машин аль болох өвчтөнийг дагалдаж сахиур болон ар гэрийн хүнийг авч явахгүй байх зарчим баримтална. Бүр зайлшгүй тоиолдолд асран хамгаалагчийг түргэн тусламжийн машинаар хамт авч яваад, эмнэлгийн унаагаар буцааж хүргэж өгнө. Харин тухайн өвчтөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон тохиолдолд сахиур тэндээ шууд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, сахиур солигдохгүй. Тэгэхээр сахиур нь жирэмсэн хүн, эсвэл хүнд өвчтэй, өндөр настан байж болохгүй.
–Хөл хорионы хугацаанд төрөх эмнэлэгт очиж, амаржсан эх нярай гэртээ гарах тохиолдолд яах бол?
-Хөл хорионы хугацаанд төрсөн эх, нярайг бид тусгай машинаар гэрт нь хүргэж өгнө. Яаралтай түргэн тусламжийн төв энэ үйлчилгээнд явах тусгай баг гаргаж, төрөх эмнэлгүүдтэй хамтран ажиллана гэсэг үг. Мөн эрүүл мэндийн байгууллагууд энэ хугацаанд хоорондын уялдаа холбоогоо хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бүрдүүлэх тал дээр бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
-Тэгэхээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд өөрсдөө ажилдаа ирж, харих зохицуулалтаа ямар байдлаар хийж байгаа вэ?
-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг өглөө 06:00-08:00 цагийн хооронд маршрутын дагуу хүргэж өгөх, авах зохион байгуулалтыг хийсэн.
-Хувийн эмнэлгүүд ажиллах уу?
-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн ялгаагүй тасралтгүй ажиллах зохион байгуулалтыг хийж байгаа бол “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний зохицуулалт”-ын дагуу л ажиллана. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд төр, хувийнх байхаас үл хамааран яг ижил зохиуулалт, нэгдсэн удирдлага заавраар ажиллах юм.