Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нэгдсэн арга хэмжээг нийслэл даяар өрнүүлж байна. Нэгдсэн арга хэмжээний үйл ажиллагаанд Аудитын газраас хөндлөнгөөс хяналт тавьж ажиллах асуудлаар Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныхантай цахимаар санал солилцлоо.
Хөл хорионы хязгаарлалтаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх талаар туслалцаа үзүүлж хамтарч ажиллах болно гэдгийг Аудитын газраас мэдэгдлээ.
Өнөөдрөөс эхэлж үйл ажиллагааны дөрвөн баг ажиллаж эхлэх аж. Түүнчлэн Аудитын газраас УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон Гамшгийн эрсдлийн үнэлгээний багтай ойрын хугацаанд цахимаар зөвлөлдөх уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Үйл ажиллагааны гүйцэтгэл, үүнтэй холбоотой ажил үүргийн харилцан уялдаа холбоог бүх шатанд хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагын үр үнэлэлт дүгнэлт хийж, ажил үүргээ сайжруулахад Аудитын газрын дэмжлэг туслалцаа чухал хэмээн Шадар сайд үзэж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч цар тахлын голомтыг хумих, цаашид аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр зорьж байгааг тэрээр онцолж хэллээ.
Нэгдсэн арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг цаг тухайд гаргаж өгөх асуудалд анхаарал хандуулахыг хүсээд, цар тахлаас гадна, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах стратеги төлөвлөгөө боловсруулах ажилд хөндлөнгөөс хяналт тавих ажилд цаашид хамтран ажиллана хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэллээ.