Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэссэн. Зөвхөн нэг тоо дурдахад, санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум орчим төгрөг байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Иймээс өндөр өгөөж, ашиг амалсан элдэв хөрөнгө оруулалтаар далласан саналыг хүлээж авахын өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Санхүүгийн луйвар пирамид болон понзи схем” гарын авлагыг уншихыг зөвлөж байна. Учир нь, хажууд тань чимээгүйхэн гэтэж буй луйвар гэж юу болох, санхүүгийн пирамид, түүний хэлбэрүүд, понзи схемийн нийтлэг шинж, урьдчилан сэргийлэх арга зам, хууль эрх зүйн орчин, хэрхэн таслан зогсоох талаар цогц мэдээлэл багтсан тул залилангийн төрлийн аливаа гэмт хэргээс сэргийлэхэд Таны хөтөч болж чадна.
Тэд ямарч эрсдэлгүй өндөр ашиг амалсан л бол…
Санхүүгийн луйвар нь өөрөө томрох тусам хохирогчдын тоо нэмэгдэж, цөөхөн хэдэн хүнд ашиг өгдөг. Тодруулбал, анх хөрөнгө оруулсан хэсэг нь хожиж, үлдсэн олонх нь халаас хоосон хоцрохыг санхүүгийн пирамид гэдэг. Боловсон дээрэм гэхэд ч хилсдэхгүй. Оруулсан хөрөнгө оруулалтаа хэд дахин өсгөх боломжтой гэсэн сэдлийг хүмүүст төрүүлдэг буюу богино хугацаанд өндөр өгөөж авах боломжийг амлахдаа шинээр гишүүнээр элсэгчдийн мөнгийг өмнө элссэн гишүүдэд өгөх замаар үргэлжилдэг. Харамсалтай нь, энэ системд холбогдсон хүмүүсийн олонх нь ямар нэг хэмжээгээр мөнгөө алдаж хоцордог нь гашуун үнэн. Иймд юуны өмнө тухайн компани бүтээгдэхүүн, үйлчилгээ, борлуулсан орлогоороо үйл ажиллагаа явуулдаг эсэхийг лавлаж, аудитаар хянуулсан санхүүгийн тайлан, мэдээг нь харах хэрэгтэй.
Санхүүгийн понзи схем ч мөн адил хуучин хөрөнгө оруулагчдын ашгийг шинэ хөрөнгө оруулагчдаас татсан мөнгөөр төлөх замаар ажилладаг тул сүүлд нь хөрөнгө оруулсан иргэд мөн хохирч үлддэг. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд маш бага эсвэл ямарч эрсдэлгүй өндөр ашиг хүртэх хөрөнгө оруулалтыг амалдаг. Ихэвчлэн үнэт цаасны бирж, зохицуулагч байгууллагуудад бүртгэгдээгүй хөрөнгө оруулалтыг ашигладаг.
Санхүүгийн пирамид нь сүлжээний маркетинг дээр суурилдаг бөгөөд мөнгө олохын тулд оролцогчдоос шинэ гишүүн элсүүлэхийг шаарддаг. Харин понзи схем нь хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ гэж танилцуулдаг тул оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь хууль ёсны ашиг мэт ойлгогддог. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд ашиг өгөхийн тулд өөр нэгнээс мөнгийг нь авч, дахин хөрөнгө оруулалт хийхийг ятгаж, олон хүн хамруулдгаараа ялгаатай. Гэхдээ санхүүгийн луйвар байнга хувьсан өөрчлөгдөж, үйлдлээ өнгөлөн далдалж багаас эхлэн аажим томордог учраас илрүүлэхэд хэцүү, цаг хугацаа ч их шаардагддагийг битгий мартаарай.
Иймээс иргэн Та хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тухайн компани, иргэн нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан эсэхийг нэн түрүүнд шалгах хэрэгтэй. Магадгүй, өндөр ашигтай төсөл биш луйвар байж болзошгүй тул сар бүрийн эсвэл улирлын санхүүгийн тайлан мэдээллийг нь давхар нягтлаарай. Өөрийн хөрөнгөө хаана, хэрхэн байршсаныг харж чадахгүй, ямар нэг мэдээлэлгүй атал “Таны хөрөнгө оруулалт хаашаа орж байгаа талаар санаа зоволтгүй, бид санаа тавина” гэвэл эргэлзэж нэг заавал шалга. Ингэснээр Та өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйврын хохирогч болохоос сэргийлж чадна. Хүн бүрт болгоомж хэзээд илүүдэхгүй тул “Санхүүгийн луйвар пирамид болон понзи схем” гарын авлагатай энддарж танилцахыг зөвлөж байна.