Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө буурч, цахилгаан, дулааны төлбөрөө төлж эхэлнэ

Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн  тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй. Иймд хүүхдүүд долдугаар сарын 1-нээс сар бүр хорин мянган төгрөгийг дансандаа хүлээж авдаг болно.

АХБ-ны судалгаагаар Засгийн газраас цар тахлын үед өрхүүдэд зориулан нийгмийн хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол 2018 онд 28.4 хувь байсан ядуурлын түвшин 36.7 хувьд хүрэх байсныг харуулсан юм. Тус судалгаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн үр нөлөөтэй арга гэж дүгнэжээ. Энэ тэтгэмж дангаараа ядуурлыг 24.9 хувь болгон, цар тахлаас хамаарсан ядуурлыг бууруулахад эерэгээр нөлөөлсөн байна.

Өнгөрсөн арван хоёрдугаар сард Засгийн газраас иргэд, өрхүүд, ААН-үүдийг дэмжих зорилгоор цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг мөн долдугаар сарын 1-нийг хүртэл тэглэсэн. Ингэхдээ 100 метр кв талбайн хэмжээнд дүйх төлбөрийг л хөнгөлсөн. 120 метр кв талбайтай айл зөрүү болох 20 м кв-ын үнээ өөрсдөө төлж байна.

Энэ шийдвэрийн дагуу манай улсын 900 мянган өрхийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр төлж байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн хуулийг 2017 онд баталсан юм. Энэ хууль  энэ оны эхнээс хэрэгжих байв. Гэвч цар тахлын улмаас бий болсон ажилгүйдэл, ААН-үүдийн орлогын бууралтыг харгалзан хуулийн хугацааг мөн л долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Монголын үйлдвэрчний эвлэл хугацааг дахин хойшлуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1 болгох саналаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тавьсан. Энэ дагуу байгуулагдсан ажлын хэсэг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлбэл гарч болох бэрхшээлийг судалж байгаа юм. Тэд саналааэнэ сарын 5-ны дотор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд тайлагнах үүрэгтэй. Тэгэхээр одоо бидний  төлж буй 10.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, эсэх эцсийн шийдвэрийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын ахалсан ажлын хэсэг шийднэ.

Ажлын хэсгийн гишүүд:

  • ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал,
  • ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр,
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт,
  • Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг,
  • Сангийн яамны Төсвийн зарлагын хэлстийн дарга Д.Санжаадорж,
  • МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Г.Амгалан, зөвлөх Ж.Юндэндорж,
  • МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл

Нийгмийн даатгалын сан, тэр дундаа Тэтгэврийн даатгалын сан олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээсээр байна. Иймд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан үед буюу 2017 онд нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх хуулийг баталсан юм.   

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …