“Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байраа дэмжих зорилгоор өнөөдрөөс эхэлж иргэнд 50 сая, НӨАТ төлөгч аж ахуй нэгжид 500 хүртэл сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй олгож эхэлж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл тус хөнгөлөлттэй зээлийг олгоход иргэн болон аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав нар мэдээлэл өглөө.
Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа: Юуны өмнө манай банкны хүсэлтийг харгалзаж, бичил, өрхийн бизнес эрхэлж байгаа иргэдэд 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжийг бий болгосонд харилцагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Бидний хувьд зээлээ хоёр чиглэлээр харж байна. Нэгд, өмнө нь зээл аваад ковидын нөлөөгөөр бизнес зогссон, удааширсан зээлүүдээ дахин санхүүжүүлнэ. Энд тавигдаж байгаа шаардлагыг www.khanbank.com сайтаас иргэдийн өрхийн зээл хэсгээс харж болно. Манай банкны хувьд 10-15 сар бүрэн зогссон харилцагч нартаа зээлийн хугацааг нь хэтрүүлээгүй, бүх зээлийг нь хоёр удаа гэрээнд нь бүтцийн өөрчлөлт хийж, өнөөдрийг хүртэл хэвийн зээлийн ангилалд явж байгаа. Эдгээр зээлдэгч нарын хувьд боломжтой нь хүүгээ төлж байсан, боломжгүй нь үндсэн зээлээ, хүүгээ ч хойшлуулсан. Эдгээр зээлдэгчээ энэ хөтөлбөрт хамруулаад дахин санхүүжлүүлэх хэсэгт оруулна гэж ойлгоорой. Хоёрт нь шинээр зээл олгоно. Өмнө нь манай банктай харилцаж байсан зээлдэгч нар сайн мэдэх аян бий. Жил бүрийн гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд бизнесийн зээлийн аян зарлаж, 12-18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгож байсан. Эдгээр бүх зээлдэгчийн зээлийн түүх болон холбогдох санхүүгийн баримт, барьцаа хөрөнгийн мэдээлэл байгаа. Дээр нь банк сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй хамтарч ажилласан харилцагч нарынхаа хувьд зан байдал, хандлагад оноо тавьж, үнэлсэн байгаа. Тухайн бизнес эрхлэгчийн хандлага, сигментийг судалсан гэсэн үг.
Барьцаа хөрөнгийн хувьд өрхийн зээл дээр 15 сая хүртэлх төгрөгт үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө /өөр дээр нь байгаа бараа материалыг 40 хувиар үнэлж авна/ шаардана. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгө барьцаалж болно. Ингэхдээ Улаанбаатар хотод 65 хувиар, орон нутагт 50 хувиар үнэлнэ. Жижиг дунд бизнес эрхлэгчид орон сууцны биш үл хөдлөх хөрөнгийг 40-70 хувиар үнэж авна. Үүнд, агуулахаас эхлээд үйлдвэрийн байр, оффисын барилга орж болно.
Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр: Төрийн банк“Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-нд өндөр оролцоотой явна. Ажлын байраа дэмжих зээлд тодорхой төлөвлөгөө гаргаад явж байгаа. Засгийн газрын тогтоол болон банк хооронд Монголбанк, Сангийн яамтай байгуулсан гэрээний хүрээнд хүсэлтүүдээ аваад явж байгаа. Өнөөдрийн байдлаар 846 аж ахуйн нэгж байгууллагын 200 гаруй тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байна. Мөн орон сууцны ипотекийн зээл болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн цогц үйлчилгээ үзүүлэхээр бэлдэж байна. Төрийн банкны нийт активын 60 орчим хувь нь зээл, зээлийн бүтээгдэхүүн байгаа. 1.9 их наяд зээлийн 70 орчим хувь нь хэрэглээний зээл байна. Бусад банкуудтайгаа хамтраад энэ төлөвлөгөөнд идэвхтэй оролцоно. Долоо хоног бүр холбогдох мэдээллийг өгнө. Төрийн банк 500 орчим салбартай. Энэ салбаруудаараа бүх хүсэлтийг аваад явна.
Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Хас банк энэ төлөвлөгөөг дэмжиж ажиллаж байгаа. Хас банк илүү иргэдийн зах зээл, бичил бизнес эрхлэгчдийг олон жил дэмжиж ирсэн. Үргэлжлүүлэн дэмжиж явахаар стратегийн төлөвлөгөөнд тусгасан байдаг. Нэн даруй бид харилцагчдаа гурван хувийн хүүтэй зээлд хамруулахаар ажиллаж эхэлсэн. Манай банктай харилцаж байсан нийтдээ 20 мянга гаруй хувиараа бизнес эрхлэгчид байдаг. Жижиг дунд үйлдвэрлэгч 500 гаруй харилцагч байгаа. Эдгээр харилцагчийнхаа хүсэлтийг хүлээж аваад эхэлсэн. Өнгөрсөн баасан гариг хүртэл 2000 гаруй харилцагч хүсэлтээ ирүүлсэн байна. Зах худалдааны төвийг түшиглэсэн салбарууд хүсэлтээ авахад бэлэн болсон.
Манай банкны харилцагч нартаа 30 сая төгрөг хүртэлх төгрөгийн эргэлтийн хөрөнгийг барьцаалдаг. Түүнээс дээш бол хөдлөх хөрөнгө барьцаалдаг журамтай. Нэгэнт манай банкны харилцагч бол нэмэлт шаардлага тавихгүй. Хөдлөх хөрөнгө дутсан тохиолдолд Батлан даалтын сантайгаа хамтраад ажиллахад бэлэн байна.
Эх сурвалж: http://itoim.mn/