Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.12/11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр нийт 19341 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 103 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс нэг тохиолдол нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдөн ирсэн.
Монгол Улсад батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 3134 болсон бол Улаанбаатар хотын нийт өвчлөл 2789 боллоо. Сүүлийн 24 цагт 60 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Шинээр халдвар авсан хүмүүсээс 92 нь ойрын хавьтал, 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхай нь тодорхойгүй хүмүүс:
-Баянзүрх дүүргийн 6,14,25,26,
-Сонгинохайрхан дүүргийн 5,
-Чингэлтэй дүүргийн 6,
-Сүхбаатар дүүргийн 1, 10, 15-р хороонд амьдардаг.
Өнөөдрийн байдлаар нийт 740 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 692, хүндэвтэр 41, хүнд 5, маш хүнд 2 хүн байна.
Ж.Байгалмаа:Албан байгууллагууд дотоод зохион байгуулалтыг хийж, нэг өдөр цугларах хүмүүсийнхээ тоог багасгах, ээлжилж ажиллах хэрэгтэй
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод илрэх халдварын тоо огцом өсөж, олон хүнийг хамарсан халдварын голомтууд бүртгэгдэж байна. Эрүүл мэндийн ажилчдын дунд бүртгэх халдвар ч мөн өсөж байна. Тиймээс иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажил төрөлдөө олноор цугларахгүйгээр цахимаар хийх, олон хүнтэй газраар явахгүй байх, фитнест явдаг бол халдварын тархалт их байгаа энэ үе түр хугацаанд явахгүй байх шаардлагатай.
Албан байгууллагуудын хувьд дотоод зохион байгуулалтыг хийж, нэг өдөр цугларах хүмүүсийнхээ тоог багасгах, ээлжилж ажиллах хэрэгтэй. Нэг дор 10-аас дээш хүн цугларахгүй байх нь чухал юм. Ингэснээр танай байгууллагын хэн нэгнээс халдвар илэрлээ гэхэд халдварт өртөх хүний тоо бага байна гэсэн үг.
Хөл хорионы дараа хөдөө явах иргэдийн тоо өсөж, нийт шинжилгээ өгсөн иргэдийн 80 хувийг бүрдүүлж байна. Иймд ойрын хавьтлуудын буюу илүү эрсдэлтэй шинжилгээний ажил удаашрах тохиолдол гарч байна. Иймд шинжилгээ өгөх иргэдэд тодорхой шалгуур тавина” гэж мэдэгдлээ.
Б.Ууганбаяр: Тусгаар тогтнолын ордонд халдвар тархаагүй
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Нийслэлд нөхцөл байдал их хүнд байна. Сүүлийн өдрүүдэд халдвар ихээхэн өссөн тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай. Өчигдөр Тусгаар тогтнолын ордонд халдварын 60 тохиолдол илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Гэхдээ тухайн мэдээлэл нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн барилгад халдвартай хүний хавьтал ороод гарсан учраас халдваргүйжүүлэлт хийсэн.Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус ордонд 66 тохиолдол бүртгэсэн мэтээр ташаа мэдээлэл тараажээ. Иймд залруулга хийж байна.