Хүний амьдрал гэдэг их сонин юм гээд эхлүүлбэл нэг их амьдрал үзчихсэн, нас дээр гарсан хүн шиг сонсогдож байна уу? Үнэхээр бодоод үзэхээр хүний амьдрал гэдэг нэг нэгнийхээ дээр гарч доошоо харж бахаа хангаж амьдрах эцэс төгсгөлгүй тэмцэл мэт. Манай монголчуудыг тамын тогооны үлгэртэй адил сайн яваа нэгнээ доош нь татдаг гэж ярих хүмүүс цөөнгүй. Гүй ээ үнэхээр амжилт бүтээлээрээ өрсөлдөж нэгнээсээ илүү гарах гэж дайрдаг бол сайшаалтай. Харин сүүлийн үед эрдмээр биш эдээр л биеэ чимж гайхуулах шинжтэй. Энэ нь бүр бага байхаас төлөвшдөг зан болж.
Бага сургуулийн хоёр хүүхэд хоорондоо ярьж байхыг санамсаргүй сонслоо. Тэгтэл нэг нь энийг хар даа ба Галакси 3S авсан аав надаа авч өгсөн гэх нь тэр. Харин сонсож зогссон охин мөчөөгөө өгөлгүй миний зүүсэн ээмгийг хар даа гэж айхтар гялалзсан ээмэг рүүгээ заан Суваровски, эгч надаа өгсөн юм гэл ээ. Сваровски гэдэг чухам юу болох ухаалаг гар утас хэрхэн хэрэглэдэг болохыг ч мэдэхгүй хоёр жаахан охин хоорондоо ийн гайхуулахыг сонсоод эхэндээ инээд минь хүрч байсан ч сүүлдээ сэтгэлд эмзэглэл төрсөн юм. Хүүхэд бол эцэг эхийн толь гэдэг. Гэр бүл, цаашлаад өссөн орчин нийгмийн сэтгэлгээ нь тэр чигтээ хулхи орги хамаагүй бренд хөөж ялзарч байхад би юундаа ч инээх билээ.
Том дэлгэцтэй тэр Iphone, Galaxy-г нь бариагүй бол утас биш хог барьсан байна гэх юм. Хоёр хоёроороо адилхан дугаартай цөөхөн шиг тооноос бүрдсэн утасны дугаар барихгүй бол тооны цуглуулга барихаа болиоч гэх юм. Аа бас тэр дотроо дараа төлбөрт барихгүй бол болохгүй юм байхаа. Дараа төлбөрт дотроо бас зэрэглэлтэй. 9911-тэй дугаартай бол чухам л тэр ёстой VIP хүн. Харин 95,94 өөр эхэлсэн Моби-гийн дугаар аль эсвэл Ж-Мобайл барьсан бол хөдөөнийх гэсэн ангилал руу шууд орох нь тэр. Албан газар луу утастахад хүртэл гайгүйхэн дугаараас залгахгүй бол ялгаж үзэх шинжтэй. Уг нь ярьж, мессеж бичиж болж л байвал тэр утас, дугаар хоёр ямар хамаа байна.
За тэгээд жаахан цаашлаад машин унааны талаар яривал, LEXUS 570 руу чинь ёстой нэг бүгд хошуурч өгч байгаа юм даа. Монголд маш үнэтэй зарагддаг хэрнээ хамгийн их гүйлгээтэй машин. Зүгээр ч нэг машинаараа гангарахгүй ээ бас машины номероороо гангарна шүү. Гайгүйхэн азын дугаар бол нэг жижиг машины үнэ хүрч байдаг. Гоё машин унасан бол түүнийгээ дагаад заавал азийн дугаартай байхгүй бол болдоггүй юм гэнэ. Хотын гудамжаар өнгөрөх жийп машинуудыг ажиж суутал 1111, 9999, 5555, 6666 гээд л нөгөө азийн дугаарууд чинь нүд эрээлжлүүлээд л хажуугаар давхин өнгөрнө. Азийнх биш юм аа гэхэд дор хаяж л 5999, 1888, 8989 гэсэн зүгээр ч гүй дугаартай машинууд явах юм. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ? Эрэлт нь байгаагүй бол зах зээл нь юу гэж үүсэх вэ? Хий үнийн хөөрөгдлийг үүсгэж, хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэх тийм л сэтгэлгээ Монголчуудын дунд хэвшчихжээ. За баян цатгалан мөнгөө яаж үрэх вэ гэж бодсон хүмүүс утасны дугаартаа, машиндаа, номертоо хэдийг зарцуулах нь надад ямар пад байхав. Харин жирийн дундаж амьдралтай иргэд маань хүртэл идэх хоолоо хасан байж хэрэгцээгүй зүйлд хөдөлмөрлөж олсон цалингаа үрж байгаа нь эмгэнэлтэй. Энэ байдлыг шүүмжилсэн зурагтын реклам ч хүртэл гараадахсан. Нэг найз нөгөөгөөсөө гүй ээ чи чинь 9911-тэй дугаараа яасан бэ гэтэл найз нь төлбөрийг нь дийлдэггүй ээ гэдэг шүү дээ. Нэг өдөр хотоор машин унаж явж байгаад хүн гараа өргөхөөр нь зүгээр явж байхаар хүн аваад явчихъя гээд нэг оюутан байрын охин суулгалаа. Хаа явах газрыг нь асуучихаад нэг хэсэг чимээгүй машинаа бариад явж байтал охины утас дуугарах нь тэр. Яриаг нь ажвал хэд хоногийн өмнө 10 жилийн ангийнх нь уулзалт болох гээд зүүж очих олигтойхон ээмэг олдохгүй болохоор нь аавынхаа хөөргийг ломбарданд тавьж байгаад Монетан ээмэг бөгж хосоор нь аваад зүүсэн бололтой. Харин ломбардны хугацаа нь болохоор авах санаатай байтал аав нь хөөргөө алга байгааг анзаарч том хэрэгт орсон шинжтэй. Нөгөө охин ч найзтайгаа ярьж өгч байна. Аливаа баяр цэнгэл ёслол дээр нэгнээсээ илүү юм эдэлж, зүүж хэрэглэж харагдах юмсан гэсэн хий оюуны хоосрол ихэд газар авчээ. Ялангуяа энэ явдал баяр наадмын үеэр, цагаан сарын үеэр их ажиглагддаг.
Аавын минь нэг найз нь нутгийнхаа 80 жилийн ойд очиж оролцох болж. 10-20 оод жил уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж аминдаа хотын залуу гэж харагдах санаатай байж. Хүн болгоны унаад байгаа эдийн засагт хэмнэлттэй PRIUS унаж, хотын захад 2 өрөө байранд амьдардаг цалингаас цалингийн хооронд залгуулдаг жирийн дундаж амьдралтай залуу.
Түүнд унаж очих олигтой машин, бариад очих зантгар хөөрөг байсангүй. Тэгтэл нутгийнхаа наадмаар тэр ЛАНД 100 машин унаад томоо гэгч нь халтар манан хөөрөг бариад л очих нь тэр. Хаанаасаа ийм том машин аваад бас юун том хөөрөг вэ гэж уншигч та бодож байж магад. Тэрээр 2 өрөө байраа PRIUS маркийн машины хамт зараад 1 өрөө байр худалдан авч гарсан зөрүү мөнгөөрөө тэр айхтар жийп машин, хөөрөг хоёроо авсан гэдэг. Үлгэр шиг сонсогдож байгаа биз. Энэ бол зүгээр л бодит байдал юм шүү. Наадам маань жийпээрээ аархах, цагаан сар маань уран хийцийн хөөрөг, гарт зүүсэн алтан бөгж, ширээн дээр тавьсан мөнгөн аягаараа гангарах тийм л баяр гэхээсээ илүү өрсөлдөөн болчихсон байна гэдгийг хэлэх харамсалтай.
Цаашлаад гайгүйхэн шиг ажилд орвол хийх ажлаа төлөвлөж бодох гэхээсээ илүүтэйгээр дарга болж тушаал дэвшсэн болохоор одоо би утас, машинаа нэг томруулчих юмсан, гартаа нэг алтан бөгж зүүчихье л гэж бодох нь их болж. Дэлхий дээр маш үнэтэй худалдаанд гардаг машинуудыг үйлдвэрээс нь шууд захиалж унадаг хүмүүс Монголд байх юм. Ниссан Патрол машины шинэ загварын үйлдвэрээс гарсан эхний 10 машиныг серийн дугаарын дарааллаар нь Монголд захиалж унасан гэх юм. Энэ бахархууштай зүйл үү, нэгэн дуучны хэлдгээр энэ Монгол Аархал уу? Бид Олимпоос алтан медаль авсан бахархууштай орон. Гэхдээ дандаа хувийн спортын төрлөөр. Дэлхийн аваргаас бас олон медаль авсан бас л хувийн спортын төрлөөр. Харин багийн спортоор амжилт үзүүллээ гэж сонссон уу. Бид хамтдаа хөгжинө, хамтдаа сайхан амьдаръя гэж хичээхээсээ илүүтэйгээр би сайхан амьдарчих юмсан би баяжчих юмсан гэсэн хувиа хичээсэн араншиндаа толгойгоо нэгэнт мэдүүлжээ.
Оюу толгой, Таван толгой гээд л асар их байгалийн баялгийн нөөц илэрч Монгол орон маань эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд толгой цохих боллоо. Энэхүү баялгийнхаа буянд би баяжаад авах юмсан гэж бодолгүйгээр Монгол эх орноо хөгжүүлээд авах юмсан, Монгол хүнээ гайгүй амьдруулчих юмсан гэж өөриймсөг нэгэн сэтгэлээр хандаасай. Хувиа хичээж болох ч Монгол улс бол миний л эх орон гэж томоор бодож, томоор сэтгэж хувиа бодож баяжаарай, аархаарай, бусдаас илүү гараарай. Багаар бус хүн бүр хувиа хичээхэд ч хүртэл улс минь хөгжиж бусдыг ардаа орхиж чадна гэдгийг харуулаарай Монголын минь аархалдаа шатаж буй хүмүүсээ.
Япон улсад суралцагч
Б.Даваажаргал