Монгол Улсад коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөр хоёрдугаар сарын 23-наас эхэлж, 100 мянга гаруй хүнийг хамруулаад байгаа. Тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. АстраЗенека вакцины давтан тун найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхлэнэ. БНХАУ-ын Синофарм вакцины давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэх юм.
Баянгол дүүрэг мөн адил хуваарьт байгууллагуудын ажилтнууд, 50-64 насны иргэдээ вакцинжуулж эхэлсэн бол, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насны иргэдээ вакцинжуулалтад хамруулах бэлтгэлийг хангасан байна. Энэ талаар БГД-ийн ЭМТ-ийн Тархвал судлаач Ц.Даваажавтай ярилцлаа.
-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв төлөвлөсөн байгууллагуудын ажилтнуудад аль улсын вакцин хийж байгаа вэ?
-Монгол улсын хэмжээнд болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв “Синовак Биотеч” компанийн Синофарм вакцинд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнууд, 18-28, 50-64 насны иргэдийг хамруулж байна. Тус вакцин нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн Монгол улсын “Эмийн дэд хороо”-гоор хэлэлцэгдэж, Эрүүл Мэндийн Яамнаас зөвшөөрөгдсөн вакцин юм.
-Вакцины хоёр тунг хийлгэснээр дархлаажуулалт тогтох ёстой. Иргэдэд онцгойлох анхаарах зүйлсийг зөвлөнө үү?
-Синофарм вакцин 28 хоногийн интервалтай. Эхний тунг хийлгэснээс хойш хоёр дахь тунг хийлгэх хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан маск зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайг баримталж, олон нийтийн газарт зорчихгүй байх дэглэмээ ягштал биелүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж хоёрдугаар тунгаа хийлгэснээр тэр хүнд бүрэн дархлаа тогтоно. Үүнийг онцгойлон хэлэхийн учир нь эхний тунгаа тариулсны дараа халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж байна. Иймд иргэн бүр эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж, дархлаажуулалтын үр дүнгээ үзэхийг уриалж байна.
-Эхний тунг хийлгэсний дараа зарим иргэдэд илэрч буй хариу урвалын талаарх мэдээлэл зарим иргэдийг төөрөгдүүлж байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Вакцин хийлгэсэн хүн бүрт 2-3 хоногт хөнгөн хэлбэрийн хариу урвал ажиглагдах нь зүй ёсны үзэгдэл. Тухайлбал толгой өвдөх, дотор муухайрах, үе мөч шархирах, 37 хэмээс дээш халуурах зэрэг түгээмэл шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа.
Зарим хүнд эдгээр шинж тэмдэг илрэхгүй өнгөрөх ч тохиолдол бий. Энэ нь хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаална. Зарим тохиолдолд тухайн иргэн 39 хэмээс дээш халуурвал халуун бууруулах эм ууж, эмнэлэгт хандаж болно. 37 хэмээс дотогш халуурах нь тухайн хүнд дархлаа тогтох үйл явц гэж үздэг. Тиймээс халуурлаа гээд шууд эм уух бус шингэн зүйл ууж, сайтар унтаж амрах хэрэгтэй. Харин даралт ихэсдэг мөн суурь өвчтэй иргэд тухайн өвчний шинж тэмдгийн эмчилгээг хийлгэж болно.
-Халуун бууруулах эмийн хувьд ямар эм уувал зохимжтой вэ?
-Парацетамолыг хэрэглэвэл илүү тохиромжтой гэж зөвлөж байна.
-Ямар тохиолдолд вакцинаас үүдсэн хүндрэл үүслээ гэж үзэх вэ?
-Суурь өвчтэй хүн вакцин хийлгэсний дараа 72 цагийн дотор анафилаксийн шок илэрвэл, эсвэл 30 минутын ажиглалтын хугацаанд шок илэрвэл вакцин таарахгүй байна гэж үзнэ.
-Вакцин хийхээс өмнө сорил тавих уу?
-Сорил тавихгүй. Тухайн хүнээс PCR шинжилгээ ч шаардахгүй. Иргэн халуунгүй, амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэггүй, 28 хоногийн дотор ямар нэгэн тууралтат, халдварт өвчнөөр өвчлөөгүй, өмнө нь PCR шинжилгээний хариу эерэг гараагүй байх шаардлагатай.
-Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох уу?
-Жирэмсэн эхчүүд вакцин хийлгэхгүй. Харин хөхүүл эхчүүд буюу нярайн 45 хоног өнгөрсөн бол ээжүүд дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Харин жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд I, II тунгаа хийлгэснээс хойш нэг сарын дараа жирэмсэлж болно гэж зөвлөж байгаа.
Ярилцсанд баярлалаа.