Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.17/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:Төлөвлөгөөний дагуу өчигдрийн байдлаар дархлаажуулалтын 41 цэгт 95 багийн 600 гаруй эмч мэргэжилтэн 13186 хүнийг коронавирусийн вакцины эхний тунд хамруулсан байна.
Одоогоор 139636 хүнийг вакцинжуулалтад хамруулж, эхний тунг хийгээд байна. Ноцтой хүнд урвал бүртгэгдээгүй. Эхний ээлжид төрийн болон хувийн хэвшлийн эмч мэргэжилтнүүд, үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой байгууллагын ажилчдыг хамруулсан. Энэ долоо хоногт ахмад настнуудад хийж эхэлж байна. Дархлаажуулалтын ажил хэвийн явж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн тав хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын шинэ тохиолдол 100-гаас буурахгүй байна. Улаанбаатар хот бүхэлдээ эрсдэлтэй бүсэд тооцогдож буй юм.
Үүн дотор цаашид маш эрсдэлтэй гэж үнэлэгдэж буй хороод:
• Чингэлтэй дүүргийн 6, 13, 14 дүгээр хороо
• Сүхбаатар дүүргийн 6, 9, 10, 11, 15 дугаар хороо
• Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 26, 25, 28 дугаар хороо
• Хан-Уул дүүргийн 15, 16, 21 дүгээр хороо
• Баянгол дүүргийн 4, 5, 6, 26 дугаар хороо
• СХД-ийн 5, 6, 18, 35 дугаар хороодод халдварын голомт өндөр байгааг анхаарууллаа.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Вакцинд хэдэн эмчийг хамруулсан байна вэ?
–ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Нийслэлийн хэмжээнд эмч мэргэжилтнүүдийн 73 хувийг вакцинд хамруулсан. Бусад эмчийг хуваарийн дагуу хамруулна. Жирэмсэн хүн тариулж болохгүй гэсэн заалттай.
–Вакцины эхний тунгаа Астра Зенекагаар хийлгэсэн авсан бол хоёр дахь тунгаа мөн энэ вакцинаар авах уу. Нөөц ямар байгаа вэ?
-Хоёр дахь тунг нөөцөлсөн. Ямар вакциныг эхний тунгаар авсан, хоёр дахь тунгаа тухайн вакцинаар авна.
–Вакцин хийлгэсэн хүн PCR шинжилгээ өгөх хэрэгтэй юу?
-Шинжилгээ өгч болно. Вакцинаас болж эерэг гарах тохиолдол байхгүй.
-Гадаадын иргэнийг ямар эмнэлэг эмчлэх вэ?
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн :Гадаадын иргэд өвчилсөн тохиолдол бий. Дотоодын иргэдтэй ижил эмчилж байна.
–Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэд тусгаарлагдах уу?
-Эхний тунг хийлгэснээр халдвараас сэргийлсэн гэсэн үг биш. Халдвар авсан тохиолдолд тусгаарлагдах шаардлагатай.
–Хөвсгөл аймагт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн үү?
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Хөвсгөл аймгийн Цэцэг суманд 6 сэжигтэй тохиолдол илэрч, 120 гаруй хүнийг ойрын хавьтал гэж үзэж тусгаарласан. Тухайн тохиолдлуудын баталгаажуулахаар шинжилгээг Орхон аймаг руу илгээсэн.