БЗД-ийн 26 дугаар хороонд тогтоосон хөл хорионы талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл өглөө.
БЗД-ийн 26 дугаар хороо өнөөдөр өглөөний 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжиж байна. Энэ хугацаанд хорооны айл өрхүүдээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр болжээ.
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх “Эрүүл мэндийн сайд, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс ирсэн хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга захирамж гаргаж хөл хорио тогтоодог. Одоогийн байдлаар 26 дугаар хороон дээр тандалт судалгааны 20 баг ажиллаж байна. Маргаашдаа багтаагаад бүх иргэдээ шинжилгээнд хамруулах бөгөөд хөл хорионы хугацаанд 50-65-аас дээш насныхныг вакцинжуулах ажлыг хийнэ.
Манай дүүргийн 26 дугаар хороо бол хамгийн том хороо бөгөөд нийт 31 мянган хүн амтай. Бид тус хорооны 18-аас дээш насны 16 мянга гаруй иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн. Мөн 50-65 насны 2500 гаруй иргэнийг вакцинд хамруулна. Нийт 180 гаруй байр, 270 гаруй орцонд ариутгал хийнэ” гэлээ.