Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.
-Энэ жил Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Зэвсэгт хүчний түүхийн хуудсыг эргээд сөхөхөд өнгөрсөн хугацаанд ямар замналаар явж өдийг хүрсэн талаар ярилцлагаа эхлэх үү?
-Тэгье. Юуны өмнө цэргийн тангараг өргөж цэргийн алба хаасан Монголын бүх эрчүүддээ болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ “Монгол цэргийн өдөр”, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.
1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, төрт улсаа сэргээн мандуулж, Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны нэг нь Цэргийн явдлын яам байсан. 300 гаруй жил Манжийн дарлалд байж, дотоодын хямрал тэмцэл үргэлжилж ирсэн тэр цаг үед Монгол төрийн өмнө улс орноо төвхнүүлэх, шинээр эмхлэн байгуулах, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хангах том зорилт тулгарч байсан нь Цэргийн явдлын яам байгуулагдах үндэс суурь болохын зэрэгцээ аливаа төрт улсын тусгаар тогтнолын баталгаа нь цэргийн хүч байсаар ирснийг нотолсон явдал болсон юм.
Улмаар 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлснээр зуун, зууны түүхийн хуудсыг өртөөлсөн “Монгол цэрэг”-ийн шинэ үе, орчин үеийн Зэвсэгт хүчний түүх эхэлсэн. 100 жилийн хугацаа гэдэг Монгол Улсын хувьд ч Зэвсэгт хүчин батлан хамгаалах салбарын хувьд ч түүхийн бүхэл бүтэн үе гэж хэлж болно.
1921-1930-аад онд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг нь морьт цэргийн хороо, дивиз, корпустай болж түүний бүрэлдэхүүнд хуягт танкийн, их бууны, нисэхийн, холбооны цэргийн ангиудыг шинээр байгуулж, ардын хувьсгалт улаан цэргүүдийг болон олон ардуудыг цэргийн эрдэмд боловсруулах, байлдааны шинэ зэвсэг техник, мэргэшсэн хүн хүчээр хангах, байлдааны болон улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэх, цэргийн сахилгыг бэхжүүлэх талаар олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсэн байдаг.
Монгол Улсын газар нутаг, тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд халдсан харийн дайсны эсрэг 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж, эх орон, ард түмэн, тусгаар тогтнолоо хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлэхийн хамт зүүн хойд Хятадыг чөлөөлөх цус асгаруулсан ширүүн тулаанд оролцож, Дэлхийн дайны ялалтад хувь нэмрээ оруулсан түүхэн гавьяаг байгуулсан.
Түүхийн нугачаанд хэлмэгдүүлэлтэд цэргийнхэн ч их өртсөн байдаг. 100 жилийн түүхийг яривал олон зүйл ярьж болно. Иймээс товчлох нь зүйтэй байх.
Дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцлийг явуулах онол, практикийн өөрчлөлтөд нийцүүлэн 1960-аад оны дундуур Монголын Ардын Армийг байгуулж, 1979-1989 онд түүнийг өргөтгөн зохион байгуулж Ерөнхий цэргийн армийн зохион байгуулалтад шилжүүлж, төрөл, тусгай мэргэжлийн цэргийн анги, салбаруудыг байгуулж, цэргийн даргалах бүрэлдэхүүнээ Зөвлөлт Холбоот Улсын цэргийн академи, их, дээд сургуулиудад бэлтгэж, орчин үеийн байлдааны зэвсэг, цэргийн техникээр хангаснаар манай Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэх чадавхаараа хөрш орнуудын түвшинд ойртсон тийм түүхэн цаг хугацаа байсан юм.
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг мөн” болохыг тунхаглаж, “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” хэмээн тодорхойлж, иргэн бүр эх орноо батлан хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэйг хуульчлан баталгаажуулснаар Монгол Улсын батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэлийн эрх зүйн үндсийг тавьсан юм.
Монгол Улс 1990-ээд оны эхээр тайван цагт улс орныхоо батлан хамгаалах хэрэгцээ шаардлага, эдийн засгийн боломжид нийцсэн “Цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байна” гэж тодорхойлсны дагуу төр, засгийн өмнө нэн шинэ үеийн Зэвсэгт хүчнийг байгуулах, бэхжүүлэх томоохон зорилт тавигдаж, түүний хүрээнд бүтэц, зохион байгуулалтыг нь хураангуйлах, тайван цагт байлдааны, сургуулийн болон хураангуй бүрэлдэхүүн бүхий холимог зохион байгуулалтад шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн.
– Зэвсэгт хүчний өнөөгийн хөгжлийн түвшин ямар байна вэ?
-Дээр дурдсан 1992 оны Үндсэн хуульд заасны дагуу мэргэжлийн чиг хандлагатай, цомхон чадварлаг Зэвсэгт хүчин байгуулах зорилт 2000 он гэхэд үндсэндээ хангагдсан.
Үүний дараа цомхон гэдэг зорилт бол төрийн бодлогын хэмжээнд тавигдах асуудал биш байна гэж үзээд мэргэжлийн чиг хандлагатай чадварлаг зэвсэгт хүчинтэй болох нь зүйтэй юм байна гэсэн концепцыг 2000 оноос дэвшүүлж 2015 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн. Энэ зорилт ч мөн амжилттай хэрэгжсэн.
2015 онд батлан хамгаалахын эрх зүйн хоёр дахь шинэчлэлийг эхлүүлж, түүний хүрээнд мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх том зорилтыг тавиад одоо хэрэгжүүлээд явж байна. Үүнийг дагаад Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэж байгаа үүрэгт нэлээд томоохон өөрчлөлтүүд орсон.
Хуучин Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчийг 1000 өдөр төр тэжээж, нэг өдөр хэрэглэнэ гэсэн философитой явж ирсэн бол өнөөдөр Зэвсэгт хүчин төрдөө, ард түмэндээ байнга хэрэгтэй байж, байнга хүчин зүтгэж байх ёстой гэсэн философитой ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш байнга хэрэгцээтэй Зэвсэгт хүчин байна гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар манай Зэвсэгт хүчин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Зэвсэгт хүчин болон хөгжиж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайдын хувьд нүүр бардам хэлэх байна.
Бид Монгол Улсын Зэвсэгт хүчнийг 2050 он гэхэд цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчин болсон байна гэж “Алсын хараа”-гаа тодорхойлоод байгаа.
Монгол Улс Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоотой орон. Гэхдээ хууль ёсоор зэвсэгт хүчний бүтэц дотор манай агаарын цэргийн хүчин, хуурай замын цэргийн хүчин, барилга инженерийн цэргийн хүчин, кибер цэргийн хүчин, тусгай хүчний цэргийн хүчин орохоос гадна дайны байдлын үед хилийн болон дотоодын цэрэг, онцгой байдлын алба зэвсэгт хүчний бүтцэд шууд ордог хууль эрх зүйн зохицуулалттай. Тайван цагт тусгай чиг үүргийн байгууллагууд батлан хамгаалах нэгдмэл тогтолцоонд орж, улс орныг батлан хамгаалах үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм байна гэж харагдаж байгаа.
-Манай улсын цэргийн алба хаагчид дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэдэн оронд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна вэ?
-Монгол Улсын Зэвсэгт хүчин батлан хамгаалах салбар цэрэг стратегийн үнэлгээ дүгнэлтийг улсын хэмжээнд хийдэг томоохон институци. Дэлхийн хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд цэрэг-улс төрийн байдал ямар түвшинд байна, хаанаас аюул заналхийлэл гарч ирж болзошгүй зэргийг стратегийн үнэлгээнд үндэслэн батлан хамгаалах бодлогыг тодорхойлох суурь судалгаа, суурь бодлогын концепцийг Батлан хамгаалах яам боловсруулж гаргадаг. Түүнийг хэрэгжүүлдэг байгууллага нь Зэвсэгт хүчин. Дэлхийн энх тайвны үйл хэрэгт оролцох замаар Монгол Улсын аюулгүй байдлын дархлааг баталгаажуулдаг чиг үүрэгтэй. Монгол Улс зөвхөн өөрийнхөө аюулгүй байдлыг хангах биш хүн төрөлхтөн, дэлхийн улс орнуудын аюулгүй байдлыг хангах үүрэгт онцгойлон 2002 оноос оролцож ирсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн энхийг сахиулах ажиллагаа буюу НҮБ-ын мандаттай энхийн сахиулах ажиллагаанд дэлхийн 100 гаруй орон цэргээ илгээж энх тайвны үйл хэрэгт оролцож байна. НҮБ-ын тогтоосон үнэлгээгээр Монгол Улс 22-т жагсаж байна. Хэдийгээр бид жижигхэн Зэвсэгт хүчинтэй ч дэлхийн энх тайвны үйл хэрэгт оролцож буй хувь нэмрээрээ дэлхийд аль хэдийн танигдчихсан. “Монгол цэрэг” гэдэг брэндийг бий болгочихсон. Монгол цэрэгтэй холбоотой асуудлаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн томоохон зүтгэлтнүүд, НҮБ-ын ажиллагааны командлагчид их ам сайтай байдаг. Монгол цэргүүдээр цэргийн багаа, байрлаж байгаа баазаа, улс орны төлөөллөгчдөө хамгаалуулья, хамтран үүрэг гүйцэтгэе гэсэн хүсэлт НҮБ-аас маш их ирдэг. Монгол Улсын цэргийн алба хаагчид маш их чадваржиж байна. Манай цэргийн алба хаагчид 2002 оноос энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 19000 гаруй офицер, ахлагч үүрэг гүйцэтгэсэн байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин улс төр-дипломатын аргаар улс эх орныхоо аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үндсэн хуульд заасан гадаад бодлогын үзэл баримтлалд заасан бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. Энэ нь аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаагаа хангаж байгаа нэг хэлбэр юм шүү.
-Түүнчлэн Зэвсэгт хүчний албан хаагчид улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Сайдын хувьд энэ талаар цаашид ямар бодлого баримталж ажиллах бол?
-Батлан хамгаалахын багц хуулийн нэг Зэвсэгт хүчний тухай хуулиар улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцох ёстой гэсэн шинэ үүргийг тодорхойлсон. Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц томоохон стратегийн бүтээн байгуулалтын ажлуудад манай Зэвсэгт хүчин оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордын төмөр бетон гүүр, Дорнод аймгийн Халх гол сумын шинэ бүтээн байгуулалт, газрын тосны үйлдвэрийн хүнд даацын авто зам, Зүүнбаян Тавантолгой чиглэлийн төмөр замын доод суурь, дээд бүтцийн ажил, тус төмөр замыг дагасан дэд бүтэц буюу нэг өртөө, зургаан зөрлөгийн барилгын ажлыг Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Өнөөдөр газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц буюу орон сууцны хорооллуудыг барих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийж байна. Зэвсэгт хүчний чиг үүрэг улс орон, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах бэлтгэлийг хангахаас гадна улс орныхоо хөгжилд нь тодорхой хувь нэмэр оруулсаар байна. Иргэд залуучуудад эх оронч хүмүүжил төлөвшүүлэх. залуучуудыг төлөвшүүлж хүмүүжүүлэх зөв чиг хандлагатай болгох үүргийг Зэвсэгт хүчин хэрэгжүүлж байна. Энэ бол Зэвсэгт хүчинд хуулиар хүлээлгэсэн нэг томоохон үүрэг чиглэл. Цэргийн албаар дамжуулж залуучуудын хандлагыг өөрчлөх, цэргийн мэргэжилд сургах, ар гэрээ аваад явах чадвартай сэтгэлийн хаттай гэрийн эзэн эр хүнийг төлөвлөшүүлэх зэрэг нийгэмд өөрчлөлт авчрах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Түүнээс гадна Засгийн газраас иргэд залуучуудад эх оронч хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр 2019 онд батлагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд ХНХЯ, БШУЯ, СоЯ-тай хамтраад улсын хэмжээнд залуучууд руу хандсан зорилтот ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ер нь батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт эх орныхоо үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх заалт нэлээд туссан. Энэ чиглэлээр боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
–Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийн асуудлыг хөндөх нь зүйтэй байх. Өнөөдрийн байдлаар зэвсэглэл, техникийн шинэчлэл ямар түвшинд хийгдэж байгаа вэ?
-Зэвсэгт хүчний үндсэн хэрэгсэл бол байлдааны зэвсэг, техник. Байлдааны зэвсэг, техникийн шинэчлэлийг 1990-ээд оны дунд үеэс хойш нэлээдгүй хэрэгжүүлж байна. Хуучин нэг улсаас хамааралтай байсан бол өнөөдөр цэрэг техникийн хамтын ажиллагаатай зургаан орноос зэвсэг техникийн шинэчлэлээ хийж байна. Манай Зэвсэгт хүчин өнөөдрийн байдлаар ОХУ, АНУ, БНХАУ болон зарим цэрэг техникийн хамтын ажиллагаатай улсын зэвсэглэлийг хэрэглэж байгаа бөгөөд хөнгөн хуягт техник, байлдааны шинэ төрлийн зэвсэг техникийг Зэвсэгт хүчний зэвсэглэлд нэвтрүүлж байна. Зэвсэг техникийн шинэчлэл удаашралтай, чамлалттай хэрэгжиж байгаа боловч ямар ч байсан зохих түвшинд хүрээд байгаа. Ер нь энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө шаарддагаас сүүлийн жилүүдэд гадаадын зээл тусламжид тулгуурлан шийдвэрлэж байгааг анхаарах цаг болсон.
Бид Зэвсэгт хүчнийхээ зэвсгийг шинэчлэх тал дээр дотооддоо бүтээх, турших, үйлдвэрлэх бодлогыг баримталж байгаа. Батлан хамгаалахын сайдын дэргэд Шинжлэх ухаан технологийн зөвлөл ажилладаг. Мөн энэ чиглэлээр сүүлийн 10 гаруй жил Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн нэлээд судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд өнгөрсөн жилээс дотооддоо цэргийн зориулалттай техник, хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн сайжруулалтын шинж чанартай ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, манай зэвсэгт хүчний залуу инженерүүд анхны дрон, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хийсэн. Гадаадад боловсрол эзэмшсэн манай цэргийн албан хаагчид өөрсдөө зохион бүтээсэн зүйлс. Оюуны өмчийн газраар, цэргийн шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр Батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн зөвлөлөөр ороод албан ёсоор патент авсан. Бид цэргийн техник хэрэгслээ хийгээд эхэлчихлээ. Дээрээс нь зэвсэг засвар үйлдвэрлэлийн тусгай анги дээр байлдааны шинэ техникүүд үйлдвэрлэж байна. Монголын машин үйлдвэрлэгч холбооны залуучуудтай хамтраад байлдааны хуягт тээвэрлэгчүүдийг Монгол Улс өөрсдөө хийдэг болсон. Хэд хэдэн төрлийн байлдааны техникүүд үйлдвэрлэсэн. Түүнчлэн байлдагч нэг бүрийн хувийн зэвсэглэлийг сайжруулах ажлыг өөрсдөө хийж байна. 100 жилийнхээ босгон дээр бид энэ үйлдвэрлэлээ эхлүүллээ. Энэ бүгдийг ард түмэндээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалаар харуулах болно. Монголд үйлдвэрлэсэн цэргийн техникүүдээ парадад явуулна. Манай цэргийн алба хаагчид өөрсдийн сайжруулсан буудлагын зэвсгээ агсаж жагсаалдаа оролцоно. Монголын Зэвсэгт хүчин хөгжлийн ямар түвшинд хүрсэн байгааг харуулах юм.
-Сумны үйлдвэртэй болно гэсэн зорилтыг дэвшүүлээд байгаа. Ер манай улс дотооддоо сумаа үйлдвэрлэх боломж бололцоо бий юү?
-Бид ойрын хугацаанд сумны үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байна. Галт хэрэглэлээ өөрсдөө үйлдвэрлэх судалгааны ажлыг манай цэргийн эрдэмтэн судлаачид хийж байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд сумны үйлдвэрээ барина. Дотооддоо сумаа үйлдвэрлэнэ. Ангын зориулалттай сум, байлдааны зориулалттай сумаа үйлдвэрлэнэ. Цаашлаад экспортлох ч боломж бий болох байх гэж харж байна. Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадвараа дээшлүүлэх нь Зэвсэгт хүчний том үүрэг. Иймээс л энэ зорилтыг хэрэгжүүлэх учиртай.
-Төрлийн цэргийн талаар ярицлагаа үргэлжлүүлье. Төрлийн цэрэг хүрээгээ тэлж кибер цэрэг нэмэгдсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-2020 онд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчин түүхэн хөгжлийнхөө явцад урьд байгаагүйгээр өргөжин хөгжих эрх зүйн зохицуулалттай болсон. Ингэснээр Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс бүрдэхээр хуульчлагдсан.
Төрлийн цэргүүд нь бүтэц, зохион байгуулалт, удирдлагын хувьд мөн хууль эрх зүйн хувьд бүрэн бие дааж үйл ажиллагаа явуулна. Ямар ч тохиолдолд даалгасан тайван болон байлдааны үүрэг даалгаврыг хэнээс ч хамааралгүй бие даан үүрэг гүйцэтгэх чадвартай нэгжийг төрлийн цэрэг гэж ойлгодог. Боловсон хүчин зэвсэглэл, техник, материал хэрэгсэл хангалтын хувьд бүх зүйл бүрэн хэмжээнд бие даасан байна гэсэн үг.
Үүний дагуу төсөв хөрөнгө удирдлага зохион байгуулалтын хувьд бүрэн бие даасан зохион байгуулалтад шилжүүлсэн. Хуурай замын цэрэг, агаарын цэрэг үндсэн суурь бааз дээрээ тулгуурлаад үйл ажиллагаагаа бие даан явуулж байна.
Шинэ төрлийн цэргүүдээ бэхжүүлэх ажлыг эхлүүлээд явж байна.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин эрчимтэй хөгжлийнхөө үе шатруу ороод явж байна. Энэ том газар нутгийн аюулгүй байдлыг хангахад агаарын цэргийн хүчин бүх төрлийн онгоц техниктэй байх ёстой. Монгол Улсын агаарын хяналтыг цоо шинэ шатанд гаргая. 50 жилийн дараа гэхэд агаарын цэрэг тавьсан зорилтдоо хүрэх юм гэж үзсэн.
Түүнчлэн монгол цэрэг цахим цэрэг байх ёстой. Дэлхий дахинд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил асар хурдтай явагдаж, кибер орон зайд тэмцэл явуулах чиг хандлагатай байна. Гадаадын олон улс цахим мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг үндэсний аюулгүй байдлынхаа тэргүүлэх зорилтуудын нэг хэмээн зарлаж, үндэсний хэмжээний стратеги хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, техник, технологи, хүний нөөцөө бэхжүүлэх, Зэвсэгт хүчний бүтэцдээ Кибер командлалыг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Манайх кибер цэрэгтэй байх асуудлыг албан ёсоор хуульчлаад удаагүй боловч кибер халдлагаас хамгаалах чиглэлээр нэлээд зүйлсийг хийж хэрэгжүүлсэн. Батлан хамгаалах сайдын ажлыг авснаас хойшхи хугацаанд кибер төвөө нэлээд бэхжүүлсэн. Батлан хамгаалах яам, Жанжин штаб ангиудын мэдээллийн урсгалыг хамгаалахад онцгой анхаарч байна. Кибер аюулгүй байдлын төвийн гаргасан судалгаагаар өдөрт 2000 гаруй гадны хандалтууд орж ирдэг юм билээ. Тэр бүрийг илрүүлэх, нэвтрүүлэхгүй байх, хариу өгөх, саармагжуулах ажиллагаануудыг хийх, мэдээллийн аюулгүй байдлаа хангах ёстой. Зэвсэгт хүчинд хамгаалах ёстой зүйл бол цэргийн мэдээлэл цэргийн нууцтай холбоотой асуудал байдаг.
–Зэвсэгт хүчний тухай хуульд ойрхон хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Эхний өөрчлөлтийн талаар та сая дурдлаа. 2 дахь өөрчлөлтөөр ямар эрх зүйн зохицуулалт тусгагдсан бол. Цаашид батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэл хэрхэн үргэлжлэх вэ?
-Энэ хуулиар зэвсэгт хүчний хөгжилтэй холбоотой маш чухал эрх зүйн зохицуулалт бий болсон. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагдаж байсан Зэвсэгт хүчний хөгжлийн сан нь найман төрлийн эх үүсвэрээр хөрөнгөө бүрдүүлэхээр хуулийн зохицуулалттай хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус сан нь зөвхөн энхийг дэмжих ажиллагааны нөхөн төлбөрөөс хөрөнгөө бүрдүүлж ирсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс орлого бүрдүүлж байгаагүй юм. Энэ хууль батлагдсанаар Зэвсэгт хүчий өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогоо өөрсдөө зарцуулах эрхзүйн зохицуулалт үлдэж байгаа юм. Тусгай сангаар зохицуулагддаг байсан харилцаа Зэвсэгт хүчнийхээ хуулиар зохицуулагдаад энэ хуулийнхаа хүрээнд аливаа орлого, хуримтлалаа өөрийнхөө санд оруулаад зарцуулах ийм хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа юм. Үүний үр шим удахгүй гарч эхэлнэ. Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэж, Зэвсэгт хүчний хөгжилд бодитой үр дүн үзүүлэх ач холбогдолтой.
-Та сайдын албан тушаалаа аваад “Жишиг цэргийн хотхон” бий болгоно гэж байсан. Энэ ажил өдгөө ямар түвшинд явж байна?
-Зэвсэгт хүчний зарим анги, салбарыг орчин үеийн хэв маягийг харуулсан инженерийн шинэлэг шийдэл бүхий “Жишиг цэргийн хотхон” болгох зорилтыг Сайдын албан тушаалаа аваад дэвшүүлсэн. Түүнийгээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж батлуулаад байна. Мөн “Жишиг цэргийн хотхон” төслийн зураг, төсөл, тооцоо, судалгаа бүрэн хийгдсэн. Ангиудын бүтэц зохион байгуулалтаас шалтгаалаад 2-3 түвшний стандарт гаргасан. Энэ жилээс томоохон ангиудаас эхлүүлэхээр төлөвлөж байна. Эхлээд Төв аймагт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар ангиас эхлүүлнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний хэмжээнд баригдаж буй барилга, байгууламжууд орчин үеийн нэгдсэн стандарт, хэв маягтай болох, сургалт, дадлагыг зохион байгуулах, ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх юм.
-Манай улс хоёр том гүрний дунд оршиж байгаа ардчилсан улс. Цэргийн бодлого нь ямар байх ёстой гэж та хардаг вэ?
-Өнөөдөр дэлхийд улс орнуудын аюулгүй байдлаа хангах цэргийн бодлого өөр өөрийн онцлогтой. Монгол Улсын хувьд Үндсэн хуулиараа өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна гэж тодорхойлсон. Монгол Улсын цэргийн бодлого Монгол Улсыг гадны зэвсэгт түрэмгийллээс хамгаалахад, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэх учиртай. Бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, улс орнуудын явуулж байгаа цэрэг-стратегийн бодлого зэргээс хамаараад батлан хамгаалах бодлогод өөрчлөлтүүд орж байдаг. Монгол Улсын гадаад, дотоод аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт, шинжилгээг тогтмол хийж байдгын гол утга учир нь манай төрийн батлан хамгаалах бодлого улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил болон гадаад аюулгүй байдлын орчинтой нийцэж байна уу үгүй юү гэдэгт оршиж байгаа юм. Түүнчлэн Монгол Улс аливаа цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй гэж төрийн бодлогоор тодорхойлсон. Энэ бол маш чухал заалт. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын тулгуур гурван үндсэн ойлголт байдаг. Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндсэн амин сүнс нь нэгдүгээрт мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, хоёрдугаарт, бүх ард иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, гуравдугаарт, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байдаг. Бид батлан хамгаалахын энэ гурван тулгуураа бат бэхжүүлж чадсан тохиолдолд ямар ч аюул, заналын өмнө сөрөн зогсох чадвартай болох юм.
Эх сурвалж: Өдрийн сонин