Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Гуравдугаар сарын 18-ны байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 16063 хүнийг дархлаажуулсан байна.
Нийслэлийн хэмжээнд нийтдээ 171.535 хүнийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан.
Тухайлбал, худалдааны байгууллагын 31513, боловсролын байгууллагын 25731, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 22774, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 11403 хүн дархлаажуулалтад хамрагджээ.
Дэлхий дахинаа Covid-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авахаар 265 эмнэлзүйн туршилт, судалгаа хийгдэж байгаагаас 13 вакцин хэрэглээнд нэвтэрсэн байна. Үүнээс есөн вакциныг яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олгосон бол бусад вакцинууд туршилтын шатанд явж байна.
Монгол Улсад эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан цөөн тохиолдол гарсан. Тиймээс вакцины эхний тунг хийлгэсний дараа амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай. Бүх вакциныг бүрэн тунгаар авсны дараа өвчлөл хүндрэх, нас баралтыг үлэмж багасгадаг болох нь нотлогдсон. Мөн хаврын улирал ирж буй тул иргэд биеийн дархлаагаа тогтмол дэмжих, дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах хэрэгтэй.
Нойргүй хоноход хөнгөн зэргийн сэтгэл гутрал үүсдэг тул дархлаа суларч, халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг анхаарах нь зөв. Хүн амын 60 хувийг дархлаажуулсны дараа сүргийн дархлаа тогтоно гэж үздэг”гэж мэдэгдлээ.