Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.20/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр эмч А.Амбасэлмаа өргөжүүлсэн тандалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
А.Амбасэлмаа “Коронавирусийн халдвар хүн амын дунд өргөн хүрээтэй тархсан үед халдвар голомтлон гарч байгаа гудамж хороолол, орон сууцанд өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулж, тухайн бүс орчмын хүн амыг шинжилгээнд хамруулах, өвчлөл гарсан гэр хорооллын гудамж, хорооллын байранд халдваргүйжүүлэлт хийх, вакцинжуулах ажлыг зохион байгуулж байгаа.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай, олон орон сууцтай БЗД-ийн 26-р хороонд өргөжүүлсэн тандалтыг зохион байгууллаа. Энэ хороо нь нийслэлийн бусад хороодоос өвчлөлийн тохиолдлын тоо 2-3 дахин их байсан.
Сүүлийн 14 хоногт 36 орон сууцанд 54 тохиолдол батлагдаж 160 гаруй ойрын хавьтал бүртгэгдсэн. Халдварын тохиолдлын тоо тасралтгүй голомтлон гарсан учраас гуравдугаар сарын 17-19-ний хооронд өргөжүүлсэн тандалтыг тухайн хороонд зохион байгуулсан.
Энэ хүрээнд нийтдээ 11 мянга гаруй өрхийн 17 мянган иргэнд шинжилгээнд хамрагдсан. Энэ дундаас урьдчилсан байдлаар 27 хүнээс коронавирус илэрч, ойрын хавьтал 115 хүнийг илрүүлэн тогтоосон.
Мөн тус хороонд өмнө бүртгэгдэж байсан, халдвар гарч байгаа 160 орчим орон сууцанд халдварын ариутгалыг хийсэн. Тухайн хорооны 50-65 насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй 3000 орчим хүнийг вакцин хамруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Халдвар голомтлон гараад байгаа Хан-Уул дүүргийн 15-р хорооны Рапит харш, цэнгэлдэх орчимд хөл хорио тогтоож, хариу арга хэмжээ, шинжилгээ тандалтын ажил өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Өргөжүүлсэн тандалтыг хийж, халдварыг илрүүлэх явцад тухайн халдвар илэрсэн иргэний амьдардаг орон сууц, хавьтлаас халдвар илэрдэг байсан бол өнөөдөр тухайлбал, 26-р хорооны 27 тохиолдол хорин орон сууц буюу хорин өөр цэгт халдвар гарсан байна. Тэгэхээр энэ хороонд халдвар нэлээд өргөн хүрээнд тархсан, тохиолдол, хавьтлын тоо өмнөхтэйгөө нийлээд 400 гаруй хүн ХӨСҮТ-ийн хяналтад байна. Голомтолсон голомтын нэг тохиолдлын ард 3-4 хүн өвчилж байна. Энэ эрсдэлээс л урьдчилан сэргийлж, өргөжүүлсэн тандалт судалгааг зохион байгуулж байгааг иргэд маань ойлгох хэрэгтэй. Нөгөө талд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 20-25 хувьд нь халдвар илэрдэг учраас хөл хорио тогтоож хариу арга хэмжээ авч байгаа юм.
Цаашдаа халдвар өргөн хүрээнд, голомтлон гарах магадлалтай хороо, дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоох арга хэмжээг үргэлжлүүлэн сайн зохион байгуулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Нийслэлд хүн амын дунд халдвар тархах шат руу орсон. Энэ үед халдвар гарсан голомтод нэмж халдвар авах эрсдэлийг бууруулах хэсэгчилсэн арга хэмжээг авч ажиллах нь чухал. Олон улсад ийм л жишгээр ажиллаж байгаа учраас манай улс ч энэ жишгээр ажиллаж хэрэгтэй. Халдвар тархаж л байг гээд зүгээр суугаад байж болохгүй. Хаана илүү их гарч, эрсдэл өндөр байна, тэр чиглэлд илүү анхаарч ажиллана.
Коронавирусээс хамгаалахын тулд нийгмийн эрүүл мэндийн дэглэм болох амны хаалтаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зайгаа барихаас гадна дархлаажуулах ажлыг хослуулж байж л халдварын тархалтыг бууруулж чадна. Вакцинд тариулсан гээд нийгмийн эрүүл мэндийн дэглэмээ барихгүй орхиж болохгүй. Дэглэмээ сайтар барьж, өөрийгөө болон бусдыгаа эрсдэлээс хамгаалах хэрэгтэй гэж зөвлөе” гэж мэдэгдлээ.