Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан энэ сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн яаманд очиж ажиллах үеэрээ “ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн ч эерэг гараад энд тэнд халдвар тархаж, эрсдэл их гарч байна. Хамгийн сүүлд нөхөр нь хөдөө явах гээд эхнэр нь өмнөөс нь шинжилгээ өгсөн чинь хариу нь эерэг гарчихаж байна. Хариуцлагатай байх ёстой ажилтан нь хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа болохоор тархалт их, бидний хийж байгаа ажил үр дүнгүй болоод байна” хэмээн ярьсан билээ.
Тэгвэл УОК-ын шуурхай штабын даргын зүгээс дээрх асуудлыг шалгуулахаар гуравдугаар сарын 17-нд цагдаагийн байгууллагад ханджээ.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11 цагийн мэдээллийн үеэр энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шинжилгээ өгөөгүй хүнийг шинжилгээ өгсөн мэтээр хуурамч хариу гаргасан.
Мөн ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлын үед мөнгө завшсан, бусад хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн” гэж мэдэгдлээ.