Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.22/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан нар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Өнөөдөр вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. 09:00-17:00 цагийн хооронд 50-аас дээш насны иргэд дархлаажуулалтад хамрагдана. Манай улс дархлаажуулалтын хуулийн дагуу вакцинд иргэдийг хамруулж байгаа. Иймд вакцин үйлдвэрлэсэн улс орноор ялгаж үзэх шаардлагагүй юм.
–Хоёр удаагийн вакцин хийлгээд хэд хоногийн дараа дархлаа тогтох вэ?
–ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:Хоёр удаагийн вакцин хийлгэн 14-20 хоногийн дархлаа тогтож байгаа гэсэн судалгаа бий. Дархлаажуулалтад хамрагдсан иргэд улс хооронд, орон нутагт зорчиж болох эсэхийг тухайн үед нь шийдэж, журмаар зохицуулах байх.
Иргэддээ дахин хэлэхэд, гараа угаах, агаар салхи оруулах, маскаа давхарлаж зүүх, агаар салхинд гарах, архи, тамхи хэрэглэхгүй байх, витамин С-ээр баялаг хоол хүнс хэрэглэх нь зөв юм.
–Хятадын Сенофарм вакциныг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн үү?
-ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:Дэлхийд нийт 265 вакцинд эмнэл зүйн судалгаа хийж байгаа. Үүнээс 9 вакциныг хэрэглэж байна. Манай улс дархлаажуулалтын хуулийн дагуу хүний эмийн зөвлөлөөр баталгаажуулсан вакциныг хэрэглэж байна. АстраЗенека вакцины эхний тунг тариад дууссан. Сенофарм вакциныг хийж байгаа.
–Вакцин хийлгээд хөл нь мэдээгүй болсон гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
Вакцин хийлгэсэн хүмүүсийн дотроос ийм мэдээлэл бүртгэгдээгүй байна.
–Вакцины хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийнэ гэсэн ч яагаад 56 хоног болгосон бэ?
-АстраЗенека вакцины хоёр дахь тунг 4-12 долоо хоногт хийнэ гэсэн заалттай. Тун хоорондын зай хол байх тусам дархлаа сайн тогтож байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс 8 долоо хоногийн дараа вакцин хийх нь илүү үр дүнтэй.
–Вакцин хийлгээд хариу урвал илрэх нь сайн гэсэн үг үү?
-Вакцин хийлгэсэн хүмүүст ямар хариу урвал гарч байгааг ХӨСҮТ-д бүртгэж байгаа. Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 хувьд нь хариу урвал илэрсэн. Тухайн хүнд дархлаажуулалтын дараа бие эвгүй оргих, чичрүүлэх ерөнхий шинж гардаг. Ямар вакцин хийлгэсэн бэ гэдгээс болон тухайн хүний дархлааны онцлогоос болж хариу урвал өөр өөр илэрч болно. Хариу урвал илрэх нь сайн гэж шууд ойлгож болохгүй.
–Таны хариу эерэг гарсан гээд шууд тусгаарласан гэсэн иргэний гомдол байна. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Нэг иргэнд 8 сая төгрөгийн эмчилгээ хийж байгаа юу?
–ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Нэг иргэний эмчилгээний зардал 8 сая гэж өмнө нь яригдаж байсан байх. Одоогийн судалгаагаар хөнгөн, хүнд, маш хүнд, гээд хүмүүсийг эмчилж байгаа. Хоол цай өгөхөд хүртэл эмч нар хамгаалалтын хувцсыг сольж өмсөнө. Витамин С, D өгч байгаа. Гэхдээ хүнд өвчтөн дээр 100 сая төгрөг гарч байгаа бол зарим хүнд 1,2 сая төгрөгийн эмчилгээ хийж байгаа. Нийт өвчилсөн хүмүүсийн эмчилгээг нэмээд, дунджаар нэг хүнд оноогдох зардлыг гаргадаг.