Америкийн спортын кино наадмаас Монгол кино Гран При шагнал хүртжээ

Монгол Японы хамтарсан “Ганцхан оноо” уран сайхны кино энэ сарын 12-нд Америкийн Лос Анжелест болсон Спортын киноны наадмын бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд тэргүүн байрын Гран При шагнал хүртлээ.

Энэ жил тав дахь удаагаа болж байгаа “All sports film festival”-д нийт 33 орны бүтээл өрсөлдсөн байна.  Наадмын шүүгчдэд  “Ганцхан оноо” киноны бейсболын спортын сонирхолтой талыг сайн дүрсэлсэн, спортоор дамжуулан гадаад орны залуус хэрхэн анд найз болж байгааг харуулсан нь ихэд үнэлэгджээ.

“All sports film festival” нь Америкт ганцхан байдаг спортын кино наадам бөгөөд жил бүр олимпийн аварга, медальтнууд зочноор уригддаг нэр хүндтэй наадам юм. Спортын киноны наадам учраас шагнал нь мэргэжлийн боксын аваргын бүс шиг хийгдсэн байдаг.

indexМонгол-Япон улсууд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан бүтээсэн “Ганцхан оноо” уран сайхны кино энэ жил зургадугаар сарын 15-нд Токиод, 28-нд Улаанбаатарт нээлтээ хийсэн юм. Кинонд Япон талаас Ерөнхий найруулагчаар Ишида Такүяа, Такэ Масахарү, Монголын талаас  найруулагч Д.Энхбаяр нар ажилласан бөгөөд МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ С.Сарантуяа, МУСТА С.Өлзийхүү нар тоглосон билээ.

Бейсболын спортын тухай өгүүлэх энэхүү киног Японы Бейсболын үндэсний холбооноос  ард түмэндээ хандан киног үзэх уриалга гаргажээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …