Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өчигдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа.
Тэгвэл өнөөдөр /2021.03.26/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүнтэй уулзаж эрүүл мэнд, ковидын үеийн аюулгүй байдлаа бодон өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. Гэвч Т.Хүрэлбат дүүтэй нь холбоотой энэ хэргийг эцэслэн шийдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Хосбаяр тэргүүтэй шүүгчид энэ сарын 31-ны өдөр хуралдах гэж байгааг хэллээ. Тиймээс Дээд шүүхийн шийдвэр гартал өлсгөлөнгөө түр азнахыг хүслээ.
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат:Надад санаа тавьж, эрүүл мэндээ бод гэсэнд баярлалаа. Тэглээ гээд би өлсгөлөнгөө зогсоохгүй. Дүү минь эмнэлэгт сэтгэл санаагаар үхэж байна. Тиймээс би үргэлжлүүлнэ. Надад өөр гарц байхгүй. С.Зоригийн хэрэг дээр ажилласан бүх шүүгч одоо ажлаа хийж байгаа. Тиймээс тэр Алдар, Соёмбо гэх мэт шүүгчдийн эрхийг түтгэлзүүлж болдоггүй юм уу.
Т. Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: Жинхэнэ гэр бүлээрээ хохирч яваа хүн бол би. Надад тэр бичлэгийг анх над руу явуулсан.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:Таны сэтгэл зүйг зориуд өвтгөхийн тулд явуулж.
Т. Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн:2015 оны тавдугаар сард над руу анх явуулсан. Сүүлд ТЕГ-ын Мөнхгал гэх мэт хүмүүс тэр бичлэгийг надад дахиад үзүүлсэн. “Танай авгай чинь ингэж явдаг юм байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгж надад дарамталсан, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:Бид гурван шатны шүүхийн асуудлыг яриагүй. Эрүүдэн шүүсэн асуудлыг хөндөж, шалгуулахыг хүсэж буйг дахин хэлье.
Дээд шүүх Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийн тухайд биш харин түүнийг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотой олон нийтэд ил болсон шинээр нотлох баримт үүссэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах юм байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулж “Ял эдэлж байгаа ч эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүнийг оруулах, гүйцэтгэх ажиллагаа явуулах бол эрүүдэн шүүлт мөн. Монгол Улс Эрүүдэн шүүлтийн эсрэг олон улсын конвенцид нэгдэн орсон улсын нэг. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар ганц ч Монгол хүнийг эрүүдэн шүүхийн эсрэг ажиллана. Цаашид Т.Чимгээд тохиолдсон ийм зүйл нэг ч монгол хүнд тохиолдох ёсгүй” хэмээн мэдэгдэв.
Энэ үеэрээ цагдаагийн алба хаагчидтай уулзаж, өлсгөлөн зарлаж буй Т.Хүрэлбатын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарч холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болголоо.