Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто” болон Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2021.03.26 /мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж байна. Ирэх долоо хоногт “Рио Тинто”-гийн төлөөлөл болон Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийн хэлэлцээр эхлэх гэж байна. Ажлын хэсэг нэлээд хэд хуралдаж хэлэлцээрийн үеэр ярих асуудлаар саналаа нэгтгээд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн.
Өчигдөр “Financial Times”-д гарсан мэдээлэлтэй холбоотойгоор та бүхэнд мэдээлэл хүргэж байна. “Оюутолгой” төслийн далд уурхай бүтээн байгуулалтын зардлыг анх хөрөнгө оруулагч тал 5.3 тэрбум ам.доллар гэж төсөвлөж бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлуулсан. Харамсалтай нь энэ зардал 30 орчим хувиар буюу 1 тэрбум 450 сая ам.доллараар өсч, нийт төсөвт өртөг 6 тэрбум 750 сая ам.долларт хүрсэн.
Далд уурхайн олборлолтыг 2021 оны нэгдүгээр сараас хийнэ гэж төлөвлөж байсан. Төлөвлөгөө ёсоор далд уурхайн олборлолт эхлээд хоёр, гурван сар болсон байх ёстой. Гэвч энэ төлөвлөгөө 22 сараар хойшилж 2022 оны аравдугаар сараас олборлолт эхлүүлэхээр болсон талаар хөрөнгө оруулагчийн тал мэдээлж байгаа. Үүнээс болж Монголын Засгийн газарт ирэх ногдол ашиг энэ хэмжээгээр хойшилж байна гэсэн үг.
“Рио Тинто”- гоос зардал хэтэрсэн шалтгааныг геологийн нөхцөл байдал хүндэрсэн учраас бүтээн байгуулалтын зардал өссөн, хугацаа хойшилсон гэж тайлбарлаж байгаа. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газар зардал өссөн нь худалдан авалтын менежментийн алдаанаас болсон байж болзошгүй гэсэн мэдээллийг судалж, Ерөнхий сайд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Рио Тинто”- компанид албан бичиг хүргүүлж байсан.
Засгийн газар далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилт нэмэгдсэн асуудлаар хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулна. Энд худалдан авалт, менежментийн алдаа гарсан байж болзошгүй байна гэсэн саналыг хүргүүлсэн. Энэ саналын дагуу “Оюутолгойн”-н ТУЗ тусгай хороо байгуулан ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргаж ажилласан. Энэ саналын дагуу 2020 оны аравдугаар сарын 30-нд “Оюутолгой”-н ТУЗ шийдвэр гаргаж төсөлд оролцож байгаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хөндлөнгийн шинжээчид томилохоор болсон.
Жижиг хувьцаа эзэмшигчид АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд “Оюутолгой” төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 хүнийг гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Энэ хүмүүс далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг “Рио Тинто” нуун дарагдуулсан гэдэг асуудлыг ярьсан.
Зарим гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс нэлээд хатуухан мэдээлэл өгсөн байна. Тухайлбал, “Рио Тинто” компани 2012 оноос хойш “Оюутолгой” төслийн геологи, гео техникийн нөхцөлийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Геологийн хүндрэл гэдгийг худал яриа гэдэг мэдүүлэг өгсөн. Энэ асуудалтай холбоотойгоор хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшийг сулруулж болзошгүй гэдэг мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн албанаас хяналт шалгалт эхлүүлсэн. Засгийн газар эдгээр байгууллагатай хамтран ажиллаж байна. Хөрөнгө оруулагчийн буруутай үйл ажиллагаанаас болж санхүүжилт өссөн бол бид хөрөнгө оруулагчийн талтай хариуцлагын асуудлыг ярина”гэж мэдэгдлээ.