МУГТ М.Уранцэцэг хоёр Гранд Слам тэмцээнд дараалан түрүүллээ

Гүржийн нийслэл Тбилис хотод Олон улсын жүдо бөхийн холбооны /IJP/ Дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангиллаар анх удаагаа зохион байгуулагдлаа.

80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч оролцсон тус тэмцээний эхний өдөр манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Мөнхбатын Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг гүйцэж гуравдугаар байр руу дэвшихээр боллоо.

МУГТ М.Уранцэцэг энэ удаад жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөөд 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн София Петиттог 1:30 минутад цэвэр ялж шилдэг наймд шалгарчээ.

Улмаар А хэсгийн аваргын төлөө Европын АШТ-ий хүрэл медальт Румыний Моника Унгуреануг 2:58 минутад өчих мэхээр ялсан бол хагас шигшээд дэлхийн шилдгүүд урилгаар оролцдог Дэлхийн Мастерсуудын тэмцээний хүрэл медальт Словений Маруса Стангарыг 2:50 минутад цэвэр ялсан. Харин аваргын төлөө Европын нээлттэй тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Франческа Миланиг даралтад оруулж, давхар боох мэх хийж цэвэр яллаа.

Ингэснээр тэрбээр сүүлийн хоёр “Их дуулга”-д түрүүлж, олимп болон дэлхийн чансаагаараа Косовогийн Дистрия Красники, Украйний Дария Белодид нарын ард бичигдэхээр боллоо.

“Тбилисийн Гранд Слам” тэмцээний эмэгтэйчүүдийн -48кг жинд өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар алтан медаль хүртсэнээр МУГТ М.Уранцэцэг нэгэн өвөрмөц рекордыг тогтоогоод байна.
Тэрээр Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ их дуулга ангиллын тэмцээний 7 дахь алтан медалиа хүртсэнээр нийт 18 медальтай болж IJF-ээс дэлхийн цуврал тэмцээн зохион байгуулсан цагаас хойш Их Дуулга тэмцээнээс хамгийн олон медальд хүрсэн Словенийн алдарт жүдоч Тина Трстенякийн амжилтыг гүйцэж түрүүлсэн юм.

НЭР, УЛС, АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ НИЙТ

М.Уранцэцэг МОНГОЛ 7 6 5 18

Тина Трстянек Словен 7 5 5 17

Майра Агуар Бразил 5 5 6 16

Мария Суелен Алтамен Бразил 5 3 8 16

Идалис Ортис Куба 3 6 7 16

Сонирхуулахад Их Дуулга тэмцээнд хамгийн олон алтан медаль хүртсэн жүдоч бол Японы Наохиса Такато. 27 настай, дэлхийн гурван удаагийн аварга Н.Такато нийт 13 медаль түүснээс 11 нь алт юм. Харин МУГТ М.Уранцэцэг долоон алтан медаль зүүсэн амжилтаараа зургадугаарт жагсаж байна. Гэхдээ түүнтэй ижил амжилт үзүүлсэн зургаан жүдоч бий.

Их Дуулга тэмцээнээс 10 ба түүнээс дээш медаль, гурав ба түүнээс дээш алтан медаль хүртсэн өөр Монгол жүдоч одоогоор алга.

Урнаагийн амжилттай хамгийн дөхөж очих хүн бол Х.Цагаанбаатар. 2015 онд их спортоос зодог тайлсан Х.Цагаанбаатар нийт найман медальтай (хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл) юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …