Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга”-д амжилттай оролцож, 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас гуравдугаар байр эзэллээ.
ОУХМ Ц.ЦОГТБААТАР ХОЁР ТЭМЦЭЭН ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Гүржийн нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдсан Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга ангиллын тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар түрүүллээ.
Ц.Цогтбаатар энэ өдөр D хэсгийг тэргүүлэн барилдаж, Португал, Итали, Гүрж, Косовогийн жүдочдыг сөхрүүлэн аваргын төлөө шалгарсан. Улмаар аваргын төлөө Канадын жүдоч, дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэтэй Артур Маржелидоныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт Ташкент, Тбилисийн Гранд Сламд дараалан түрүүллээ. Ингэснээр Ц.Цогтбаатар дэлхийн чансааны 1000 оноо авч тавдугаар байр руу дэвших боломжтой боллоо.
ОУХМ Г.ХЭРЛЭН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд “Мастерс”-ийн аварга ОУХМ Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртлээ.
Г.Хэрлэн тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж, С хэсгийг тэргүүлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн.Улмаар хоёрын даваандаа Их Британы Майкл Фрайер, гуравдугаар тойрогт Гүржийн Бека Цифианиг тус бүр торгуулиар ялжээ.
Харин хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий гурван мөнгө медальтай ОХУ-ын Михайл Пульяевыг нэмэлт цагт вазаригаар ялсан ч хагас шигшээд Узбекистаны Сардор Нурилаевт торгуулиар ялагдлаа.
Гэвч манай бөх хүрэл медалийн төлөө Европын наадмын хүрэл медальт Гүржийн Баграти Ниниашвилиг “иппон” буулгасан байна. Ингэснээр Г.Хэрлэн чансаагаа 500 оноогоор ахиулснаар дэлхийн чансааны дөрөвдүгээр байр руу дэвших боломжтой боллоо.
Г.АЛТАНБАГАНА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Тбилисийн Гранд Сламын сүүлийн өдөр манай улсаас гурван бөх хүч үзэхэд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана хүрэл медаль хүртлээ.
Г.Алтанбагана хэсэгтээ Лихтенштейн, Унгар, Казахстаны жүдочдыг ялаад хагас шигшээд Италийн Ноколас Мунгайд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Узбекистаны Шермухаммад Жандревийг хөмрөх мэхээр “иппон” буулгаж, Их дуулга ангиллаас ээлжит медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр чансаагаа 500 оноогоор ахиулж, олимпын чансаагаа нэгээр ахиулах боломжтой болж байна.