Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.31/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа“Сүүлийн 24 цагт 18 лабораторид 10,652 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 377 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8,447 боллоо. Шинээр бүртгэгдсэн 377 тохиолдол дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт 95 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,920 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудын хувьд:
-Архангай аймагт – 7
-Өвөрхангай аймагт – 6
-Сэлэнгэ аймагт – 4
-Увс аймагт – 1
-Дархан-Уул аймагт – 16
-Булган аймагт – 4
-Ховд аймагт – 1
-Хөвсгөл аймагт – 5
-Төв аймагт – 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Шинжилгээнд эерэг илрэх хувь гуравдугаар сарын эхнээс огцом өссөн. Эмнэлэгт 1902 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд хүн 12 байна. Хэрвээ хатуу хөл хорио тогтоохгүй бол өдөрт илрэх халдварын тоо хэдэн мянгаар хэмжигдэж болзошгүй гэж эрдэмтэд үзсэн. Хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй хүмүүсийг гэрээр тусгаарлаж байгаа бөгөөд 1000 орчим хүн байна.
Одоогоор 490 мянган тун вакцин хүлээж авсан. Төв, Орхон, Өмнөговь аймаг болон нийслэлд 9437 хүнд вакцин хийснээр нийт 300366 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ нь нийт дархлаажуулах хүн амын 15.2 хувийг эзэлж байна. Одоогоор 50-аас дээш насны 112 мянган хүнийг вакцинд хамруулсан.
Нийт халдвар авсан хүмүүсийн 19 хувь буюу 1623 нь хүүхэд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барсан таагүй мэдээ байна. Нас барсан хоёр иргэний хувьд 69 болон 84 настай байсан. ”гэж мэдэгдлээ.