Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.02/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлэгт ирж байгаа ачаалал нэмэгдэж байна. Орны зохицуулалтыг хийгээд явж байгаа. Гуравдугаар сарын 1-нд хүнд, хүндэвтэр хүний тоо нийлээд 70 байсан бол өнөөдрийн байдлаар 237 болсон.
Хүнд хүмүүст тусламж үзүүлэх эрүүл мэндийн ажилчдын баг хөнгөн хүмүүстэй ажиллах багаас 2-3 дахин олон хүнээс бүрддэг. Тохиолдлын тоо энэ хурдаар нэмэгдэх тоолонд эмнэлгийн ор гэхээсээ илүү хүний нөөцийн чадамж шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байна.
Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй. Гуравдугаар сарын 14-нөөс хойш гэрээр эмчилгээ үйлчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа. Халдварын батлагдсан тохиолдлуудад мессежээр шинжилгээний хариу очдог. Үүнтэй хамт биеийн ерөнхий байдлаа үнэлэх зөвлөмжийн цахим холбоос очно. Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 16 аймагт халдвар голомтлон гарч байгаа учраас шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг хийгээд явж байна.”гэлээ.