Н.Түвшинбаярын медалийн тоог ОУОХ тэг болгосон батлагдаагүй

Tsetseg Byambaa фэйсбүүк хаягаас “Олон улсын олимпын холбоо Найдангийн Түвшинбаярын медалын тоог ТЭГ болгосон байна. Хүнлэг бус үйлдэл гаргасан хэнээс ч байсан Эв найрамдалын бэлэг тэмдэг болдог дэлхийн наадам медалаа хурааж авдаг шудрага журамтай. МУ дэлхийн шившиг болохоосоо өмнө хууль шүүхээрээ ял шийтгэлийг нь өгч шудрага хандана гэж найдаж байна. Эх сурвалж: https://www.olympic.org/tuvshinbayar-naidan” гэсэн постыг оруулжээ.

Уг постыг нэг цагийн дотор 415 хүн хуваалцаж, 2200 хүн хариу үйлдэл үзүүлж, 649 хүн сэтгэгдэл бичжээ.

Энэхүү мэдээллийг бид нягталлаа.

Factcheck:

Түүний шэйрлэсэн эх сурвалж болох сайт орохгүй алдаа зааж байна. Тиймээс бид олон улсын олимпын хорооны www.olympic.org сайтад орж, Tuvshinbayar гэж хайхад дараах илэрц гарч байна.

Уг мэдээлэлд Н.Түвшинбаяр нь Монголын анхны олимпын алтан медальт тамирчин болохыг тодотгосон мэдээлэл дэлгэрэнгүй байна. Мөн Result буюу үр дүн гэсэн хэсэгт Бээжингийн олимпын Алт, Лондоны олимпын Мөнгөн медальт гэж тэмдэглэсэн байна.

Манай улсын тамирчид олимпоос нийт 26 медаль хүртэж байсан бөгөөд тэдгээрээс зургаан тамирчны медалийн тоо Н.Түвшинбаярынхтай адил тэг болсон харагдаж байна.

Жишээлбэл, жүдо бөхийн олимпын мөнгөн медальт Д.Сумъяаг мөн бид хайлт хэсгээр нягтлахад түүний талаарх мэдээлэл мөн ижил гарч ирж байна. Зургийн доод хэсэгт медалийн тоо байхгүй ч доод Үр дүн хэсэгт Рио 2016 олимпоос Мөнгөн медаль хүртсэн гэжээ.

Мөн 2008 оны Бээжингийн олимпоос буудлагын төрлөөр мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаагийн медалийн тоо мөн бүгд тэг болсон байна. Түүний мэдээллийн доод талд мөн Н.Түвшинбаяртай ижил авсан медалийн дэлгэрэнгүй нь байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Олон улсын олимпын холбоо Найдангийн Түвшинбаярын медалын тоог ТЭГ болгосон байна” гэдэг нь БАТЛАГДААГҮЙ байна. Түүний холбогдоод буй асуудалтай холбоотойгоор медалийг тэглэсэн бус Олимпийн хорооны сайтын мэдээлэлд зөрүү гарсныг дээр дурдсан тамирчдын мэдээллээс харж болохоор байгаа юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байгаа. Одоогоор түүний гэмт бурууг хууль, шүүхийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байгаа билээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.1-д Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй хэмээн заасан байдаг.

Түүнчлэн Олимпын харти буюу олимпын үндсэн хуульд “Бүрэн хүлээн зөвшөөрлийг цуцлах” гэсэн тусдаа заалт бий. Уг заалтад “Олимпын наадмын үеэр Олимпын харт, Олон улсын сэргээшийн эсрэг дүрэм, ОУОХ-ны ёс зүйн дүрэм, ОУОХ, ОУСХ, ҮОХ-ноос гаргасан нийтээр хүлээн зөвшөөрсөн журам, бусад шийдвэр, ёс зүйн хууль зэрэг зөрчигдсөн ёс бус үйлдлийн аливаа илрэл тохиолдолдвол” арга хэмжээ авах бөгөөд арга хэмжээ шийтгэл оногдуулахаасаа өмнө ОУОХ-ны эрх бүхий байгууллагаас анхааруулга өгч болно гэж заажээ. Мөн эцсийн шийдвэрийг Олон улсын олимпын хороо гаргана гэсэн байна.

Эх сурвалж: Factcheck.mn

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …