Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д нэмэлт өөрчлөлт орсон.
Энэхүү өөрчлөлтөөр тус журмын 2.1.2-т коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж 7 хоног тусгаарлахаар зааж өгсөн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас иргэдэд мэдээлэл хүргэсэн юм.
Тэгвэл журмын энэхүү заалт нь “Эрүүл мэндийн тухай” хуулийн 24.6.4-т заасан “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төр хариуцна” гэсэн заалттай зөрчилдсөн тул дахин өөрчлөхөөр болжээ.
Ингэхдээ коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал, эсвэл тухайн хүний хүсэлтийг харгалзан долоо хоног тусгаарлах байранд тусгаарлана гэж өөрчлөхөөр болсон байна.
Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүн тусгаарлах байранд тусгаарлагдахад ямар нэгэн төлбөр төлөхгүй, зардлыг төр хариуцна.