Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарлаа.
Захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулж, “Нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн хугацаанд бид эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж ирсэн. Эдийн засгаа дэмжих гэхээр халдвар авах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна” хэмээн ярилаа.
Захирамжаар хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон юм. Мөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу оролцуулж, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.
Харин нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна. Иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх, халдварын шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор хангаж ажиллана.
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх юм. Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилтай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт тээвэрлэгчдийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргана.
Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар иргэдэд мэдээлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах юм. Нийслэлд оршуулга, буяны үйл ажиллагаанд 30 хүртэл хүн оролцохоор иргэдэд зөвлөмж анхааруулга өгч, хяналт тавьж ажиллана. Мөн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглоно.