Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
2020 оны хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Ташкент хот аваад байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон билээ.
Токио-2020 олимпын наадмын эрх олгох алтан цуврал тэмцээнд Азийн шилдгүүд бүгд хуран чуулж байна. Учир нь Олон улсын хүндийн өргөлтийн холбоо Токио-2020 олимпын эрхийг дөрвөн тэмцээнээр олгохоор төлөвлөж байсан ч короновирусийн улмаас хоёр тэмцээн нь цуцлагдаад байгаа юм.
Улмаар энэ удаагийн Азийн АШТ нь олимпын эрх олгох гол тэмцээн бөгөөд ирэх сард олимпын эрхийн тэмцээн виртуал хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм. Азийн аварга шалгаруулах алтан цувралд манай улс долоон тамирчнаа илгээсэн бөгөөд ОУХМ Цэнхэржавын Хосбаярын удирдлагад оролцох юм.
Эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Энхтамир, 71 кг-д Г.Ануужин, -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр, +87 кг Э.Билэгсайхан, эрэгтэйчүүдийн 67 кг Э.Мөнхдөл, 96 кг Б.Цэнд-Аюуш нар эх орноо төлөөлөн хүч үзнэ.