Улсын онцгой комиссын даргын 2021 оны 4-р сарын 10-ны өдрийн тушаалаар томилогдсон Ажлын хэсэг нийслэлийн төвийн дүүргүүдэд ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд Сүхбаатар дүүрэгт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж үйлчилгээ, гудамж, зам талбай, байр орон сууц, объектын халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 220 иргэн гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж байгаа бөгөөд тэдэнд өрхийн эмнэлэг болон хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар хяналт тавьж байгаа юм байна.
Мөн хүнсний тусламж авах шаардлагатай 26 өрхөд дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэг багц нь 60 мянган төгрөгийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тусламж үзүүлжээ. Түүнчлэн зорилтот бүлгийн 60-аас дээш насны ахмадуудыг вакцинжуулах ажил эхэлсэн байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Сүхбаатар дүүрэгт хариу арга хэмжээнд ажиллаж байгаа хүмүүст тулгамдаж буй асуудлуудыг сонсож, Улсын онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэх чиглэлд хамтран ажиллах нь чухал болохыг Сайд З.Мэндсайхан онцоллоо.
Тэрээр “Анхан шатанд ажиллаж байгаа хүмүүс сэтгэл зүй болон эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөлд байгааг ойлгож байна. Энэ хүмүүст хариуцлага, албан шаардлага тавихаас илүү урам, сэтгэлийн дэм өгч ажиллаарай. Цар тахлыг бид нэг талдаа зохион байгуулалтаар давна. Зохион байгуулалт гэдэг загнаж, тушаах асуудал биш шүү. Бид харилцан ойлголцож, хамтран ажиллаж байж тархалтыг хумьж авах хэрэгтэй байна” гэсэн юм.