Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.14/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр хатуу хөл хорионы үр дүн хэзээнээс гарч, халдварын тохиолдол буурах талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л. Баттөр“ЭМЯ болон ХӨСҮТ анхнаасаа 28 хоногийн буюу энэ өвчний хоёр нууц үеийн хугацааны турш хөл хорио тогтоох санал гаргасан.
Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа ч тохиолдлын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа нь ойрын хавьтал болсон, халдварын нууц үедээ байсан хүмүүсийг илрүүлэх ажилтай холбоотой.
Дараагийн 10 хоногт нөхцөл байдлын үнэлгээг хийнэ. Ялангуяа тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор нас баралт нэмэгдэж байгаа бөгөөд хөл хорионы төгсгөл үед бүр ч олон нас баралт гарах магадлалтай. Тийм учраас бид ард иргэддээ бодит нөхцөл байдлыг хэлж явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хөл хорионы төгсгөл гэхэд халдварын тоо, нас баралт буурахгүй бол бид дараа дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий.
Халдварын нууц үе 4-5 хоног гэхээр хөл хорио тогтоохоос өмнө ойрын хавьтал болсон хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг илрэх мөн шинжилгээгээр онош батлагдаж байна.
Хөл хорионы үед бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан хэдий ч гэр бүлийн хүрээнд халдвар дамжих үйл явц үргэлжилж байгаа. Магадгүй нууц үедээ байсан бол одоо халдвар тарааж байх боломжтой”гэлээ.
Мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
–Гэртээ хүндэрч байгаа хүмүүсийг яаж зохицуулж байгаа вэ?
-20 настай залуугийн нас баралтыг тодруулах шаардлагатай. Энэ залуугийн хувьд суурь өвчин байсан. Тухайн хүн нийтийн асрамжийн газар байрлаж байсан учраас үүн дээр анхаарах шаардлагатай. Нийтийн байр, асрамжийн газарт байгаа хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд дүүргийн эмнэлгүүдийн эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Шинж тэмдэг багатай иргэдийг гэрээр тусгаарлаж байгаа.
–Гэрээр хэдэн хүн тусгаарлагдаж байгаа вэ?
-3172 хүн гэрээр тусгаарлагдаж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьталтай өрхийн эмнэлгийн эмч нартай холбоотой байгаа.
–Гэртээ харьж чадахгүй эмч нарын талаар тодорхой мэдээлэл өгөөч.
-Тухайн халдвар дөнгөж гараад удаагүй байхад олон сараар гэртээ харихгүй байх тохиолдол олон байсан. Эмнэлгийн эмч ажилчид маань 14 хоног тусгаарлах байранд байдаг байсан. Одоогоор тусгаарлах байранд 7 хоног, гэрт нь дахин 7 хоног тусгаарлаж байна.
–Вакцин хийлгээд корона туссан хэдэн хүн байна вэ?
-Вакцин хийлгээд корона туссан 2304 хүн байна. Нэгдүгээр тун хийлгэсэн хүмүүст илэрч байгаа юм. Вакцин хийлгэсний дараа халдвар хамгааллаа сайн баримтлах хэрэгтэй. Вакцины эхний тунг хийлгэснийхээ дараагаар халдвар авч нас барсан 3 тохиолдол бий. Эхний 21 хоногийн дотор буюу тухайн хүний бие бүрэн дархлаажаагүй байхад халдвар авч байна гэсэн үг.
–Хавдартай иргэдэд ямар вакцин хийх вэ?
-“Pfizer” вакцины хувьд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, нас барах эрсдэлтэй бүлгийг вакцинжуулаарай гэсэн чиглэлийг өгсөн. Халдвартай өвчинд аль ч төрлийн вакциныг хийлгэх боломжтой. Сүүлийн үед нас баралтын тоо нэмэгдэж байна. Гэрийн тусгаарлалтад байсан хүмүүсээс таван хүн нас барсан.
–Иргэддээ хандаж ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Агаар сэлгэлт дээр анхаарах хэрэгтэй. Цонхоо онгойлгоод хаалгаа давхар онгойлгож байж, агаарын урсгалыг сайн оруулна. Ажил дээрээ хоол идэхдээ хажуу хүнтэйгээ ярихгүй байх зэрэг энгийн дадлуудыг хэвшил болгох хэрэгтэй.