“Токио-2020” зуны олимпын XXXII наадам хөшигөө нээхэд 99 хоног үлдээд байна. Манай тамирчдын хувьд яг өнөөдрийн байдлаар спортын долоон төрөлд нийт 21 тамирчин /үүнд 3Ч3 сагсан бөмбөг эмэгтэй багийн 4 тамирчин багтаж байна/ оролцохоор эрхээ аваад байна.
Гэхдээ манай спорт сонирхогчдын хувьд удахгүй болох “Токио-2020” олимпын наадам урд өмнөх олимпын наадмуудаас онцлогтой болно. Учир нь Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх удаа багийн төрөлд өрсөлдөх бол ширээний теннисчид 65 жилийн түүхэндээ анх удаагаа олимпын наадамд оролцох эрхээ халааслаад байгаа юм. Түүнчлэн манай тамирчид цаашдаа олимпийн эрхийн оноо авах олон улсын хуваарьт тэмцээнүүдэдээ оролцох бөгөөд ингэснээр “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох тамирчдын тоо нэмэгдэх юм.
Ингээд Токио-2020 олимпийн наадамд оролцох эрхээ авсан спортын төрөл болон тамирчдын талаархи тойм мэдээллийг хүргэе.
Буудлагын спортын тамирчдын хувьд олимпын эрхийн оноо авах тэмцээн нь дууссан бөгөөд дөрвөн тамирчнаа Токиод илгээх бол боксын төрөлд эцсийн байдлаар гурван ширэн бээлийтэн олимпод нударга зөрүүлнэ. Түүнчлэн марафончид одоогоор гурван эрхийг аваад байгаа бол чөлөөт бөхийн тамирчид боломжит 12 эрхээс өнөөдрийн байдлаар долоог нь аваад байгаа юм. Тэд ирэх тавдугаар сард Болгарын Софи хотноо олимпын эрхийн сүүлийн тэмцээн болох дэлхийн тэмцээнээс үлдсэн эрхүүдээ авахаар зорьж буй юм.
Харин усанд сэлэлтийн тамирчдын хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг олимпын эрхийг нэмэх нь тодорхой. Учир нь манай тамирчдаас 2019 оны ДАШТ-д оролцсон эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр, нийт дөрвөн тамирчнаас Олон улсын усанд сэлэлтийн холбоо буюу FINA-гаас олимпод оролцох урилгыг илгээх юм. Ингэснээр 2019 оны ДАШТ-д оролцсон ОУХМ Мягмарын Дэлгэрхүү, Гүнсэнноровын Занданбал, Батбаярын Энххүслэн, Хуягбаатарын Энхзул нарын хэн нь олимпод оролцохыг FINA ирэх сард шийдвэрлэнэ. Түүнчлэн манай улсаас сүүлийн дөрвөн олимпод дараалан медаль хүртээд байгаа жүдо бөхийн шигшээ баг авч болох 14 олимпын эрхээс 12-ыг нь авах боломжтой. Тэдэнд олимпын өмнө ОХУ-ын Казаньд Гранд Слам, Унгарын Будапештэд ДАШТ-үүд хүлээж байна. Эдгээр тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF олимпод оролцох боломжтой бөхчүүдийн чансааг эцэслэн гаргах бөгөөд ингэснээр тухайн улс аль жинд ямар тамирчнаа оролцуулахаа шийдвэрлэнэ.
Мөн энэ цаг мөчид хүндийг өргөлт, тэквондогийн тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор хилийн чанадыг зориод байна. Хүндийг өргөлтийнхөн Узбекистаны Ташкент хотноо очоод байгаа бол тэквондочид Кыргызстаны Бишкект хамтарсан бэлтгэлээ базаагаад Йорданы Аманд олимпын эрхийн тэмцээндээ оролцоно. Харин 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Австри, Унгарт олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Тэд Хандгайт дахь олимп баазад олимпод оролцох эмэгтэй багийн хамт бэлтгэлээ базааж байна. Сонирхуулахад түүхэндээ багийн төрлөөр анхлан олимпын эрх авсан эмэгтэй шигшээ баг долоон тамирчинтайгаар бэлтгэлээ базааж байгаа бөгөөд үүнээс дөрвөн тамирчин нь Токиог зорих юм.
Токио-2020 зуны олимпын XXXII наадамд оролцохоор TEAM MONGOLIA эрх өвөртлөөд байгаа тамирчдаа танилцуулъя.
ЧӨЛӨӨТ БӨХ
Эрэгтэй
- Т.Тулга 65 кг
- М.Лхагвагэрэл 125 кг
Эмэгтэй
- Ц.Намуунцэцэг 50 кг
- Б.Болортуяа 53 кг
- Б.Хонгорзул 57 кг
- С.Батцэцэг 68 кг
- О.Бурмаа 76 кг
БОКС
Эрэгтэй
- Э.Цэндбаатар 57 кг.
- Б.Чинзориг 63 кг
Эмэгтэй
- Н.Мягмаржаргал (эм) 68 кг.
БАЙТ ХАРВАА
- Б.Отгонболд
БУУДЛАГА
Эрэгтэй
- Э.Даваахүү /Гар буу/
Эмэгтэй
- О.Гүндэгмаа /Гар буу/
- Ц.Анударь /Гар буу/
- О.Есүгэн /Урт буу/
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Эрэгтэй
- Э.Лхагвасүрэн
Эмэгтэй
- Б. Болор-Эрдэнэ
ХӨНГӨН АТЛЕТИК
Эрэгтэй
- Б.Сэр-Од
- Б.Бямбажав
Эмэгтэй
- Б.Мөнхзаяа
САГСАН БӨМБӨГ
- 3Ч3 сагсан бөмбөг эмэгтэй баг/4 тамирчин/